Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын экс ерөнхий сайд Арабын Нэгдсэн Эмиратаас санхүүгийн хуурамч баримт гуйж байсныг илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разак олон тооны авлигын болон албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ.

Түүнийг Малайзын засгийн газрын хөгжлийн сан 1MDB-ээс нийтдээ $4.5 тэрбумыг зориулалтын бусаар ашигласан гэж сэжиглэж байна.

Нажиб уг санг 2009 онд хамтран байгуулалцаж байжээ.

Тэгвэл өчигдөр Малайзын авлигатай тэмцэх газар Арабын Нэгдсэн Эмират Улсын угсаа залгамжлах ханхүүтэй Нажибын утсаар ярьсан бичлэгийг илрүүлснээ хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан байна.

2016 онд бичигдсэн энэ ярианд Нажиб Арабын ханхүүгээс санхүүгийн хуурамч баримт гаргаж өгөхийг гуйж байсныг харуулжээ.

Нажибыг утсаар ярих үед дэргэд нь гэргий Росмах Мансур болон бусад албаны хүмүүс байлцсан байна.

Тухайн үед гэмт хэргээ далдлахын тулд Нажиб дагавар хүү Риза Азиз нь 1MDB сангаас мөнгө аваагүй, харин Арабын Нэгдсэн Эмиратын засгийн газраас зээл авсан болгож харуулах хуурамч гэрээний загвар гаргаж өгөхийг хүссэн байна.

Өндөр дээд түвшинд яригдсан гэмт хэргийн хуйвалдааны баримтыг энэ сарын эхээр нэрээ нууцалсан гэрч Малайзын Авлигатай Тэмцэх Газарт хүлээлгэж өгсөн гэнэ.

Одоо бичлэгийн мөрөөр шалгах ажлыг эхлүүлэх гэж байгаа ажээ. Бичлэг хуурамч биш, жинхэнэ болохыг урьдчилж тогтоосон байна.

Өчигдөр Нажиб Разак энэ баримтын тухай сонсоод цочирдож гайхснаа сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрээр ерөнхий сайдын албыг хашиж байх үед нь яриаг бичих боломж байсан эсэхийг өмгөөлөгчөөрөө шалгуулах гэж байгаагаа ярьсан байна.

“Би бичлэгийн агуулгыг судалж, өмгөөлөгчдөдөө шалгуулахаар өгөөд байна. Манай улсын түүхэнд ийм явдал хэзээ ч гарч байгаагүй” гэж Нажиб Разак мэдэгджээ. Өөрөөр хэлбэл тэр бичлэгийг хуурамч гэж үзэж байна.

Түүний дагавар хүү Риза Азиз нь 1MDB сангаас гаргуулсан мөнгөөр Холливүүдэд кино студи байгуулж, “The Wolf of Wall Street” уран сайхны киног бүтээлгэж байсан гэдэг. 

 

Эх сурвалж: The Guardian