Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон болон чөлөөлөгдсөн эрхмүүд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 9
iKon.MN
 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлж, томилсон байна.

Тодруулбал, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар, Б.Ганбат нарыг сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилсон бол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг чөлөөлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдсөн гурван хүн

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд зургаан сарын хугацаанд тэтгэмж олгох хуультай.

Нэр дэвшигч Ч.Байгалмааг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3, Э.Батболдыг 68.3, Б.Баяндүүрэнг 70.7, Б.Ганбатыг 65.9, О.Амгаланбаатарыг 63.4 хувийн саналаар томилжээ.
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ГИШҮҮД
Гэрэл зургийг mpa.mn

Г.Байгалмаа нь 2002-206 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тогтоол гүйцэтгэгч, 2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх, 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд, 2016 онд Улсын Их Хурлын даргын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2017 оноос  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа.

Э.Батболд нь 2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн улирдлагын мэргэжлээр төгсөж, 2010-2012 онд АНУ-ын Вашингтоны Ди Си Стрейр их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. 2007-2013 онд Санхүүгийн зохицуулах хороонд хянан шалгагч, улсын байцаагч, 2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд эдийн засагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, 2016-2018 онд “Улаанбаатар хотын даатгал” ХХК-д зөвлөхөөр ажилла байжээ. 2018 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа аж.

 

Д.Баяндүүрэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд 1988-1991 онд Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст ахлах зөвлөх, арбиртч, 1991-1992 онд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын Тамгын газарт мэргэжилтэн, 1992-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, референт, ахлах референтээр тус тус ажилласан. 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм.

О.Амгаланбаатар нь инженер, эрх зүйч мэргэжилтэй, төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй бөгөөд 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт улсын байцаагч, ахлах байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд газрын орлогч дарга, 2014 онд Улсын Их Хурлын Тамгын газарт референт, 2014-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллаж иржээ. Улмаар 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,  1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд експерт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажилласан. Улмаар 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан. Түүнчлэн хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор зохицуулсан байдаг.

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн өөр ажилд томилогдсон учраас гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага үүсжээ.

Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Г.Байгалмаа, Э.Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

Харин Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг нэр дэвшүүлжээ. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулахад Д.Баяндүүрэн 93.7 хувийн, О.Амгаланбаатар 66.7 хувийн санал авсан байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Б.Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Ингэснээр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй боллоо.

Гэрэл зургийг mpa.mn
  1. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн
    Гэрэл зургийг mpa.mn
  2. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан
  3. Г.Байгалмаа  /Гишүүн/
  4. Э.Батболд /Гишүүн/
  5. Д.Баяндүүрэн /Гишүүн/
  6. О.Амгаланбаатар /Гишүүн/
  7. Б.Ганбат /Гишүүн/
     
  8. Р.Содхүү /Гишүүн/
     
  9. Ө.Энхтөр Гишүүн/

СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИАС

Хорооны гишүүний бүрэн эрхийн баталгаа

11.1.Хороо, түүний ажлын албанд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

11.2.Хорооны гишүүн албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.

11.3.Хорооны орон тооны гишүүн багшлах, эрдэм шинжилгээнийхээс бусад ажил, албан тушаал хавсрахыг хориглоно.

11.4.Хорооны дарга, нарийн бичгийн дарга нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин авна.

11.5.Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тохиолдолд түүнийг томилогдохоос өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажилд шилжүүлэх, тухайн ажил байхгүй бол түүнд ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Хорооны гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс буурахааргүй тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж мөн хугацаанд олгоно.

11.6.Хуульд өөрөөр заагаагүй бол Хорооны гишүүнийг сонгуулийн үүрэгт ажилтай нь холбогдуулан баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь нэгжлэг хийхийг хориглоно.

11.7.Хорооны гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байх үед нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

11.8.Хуульд зааснаас бусад тохиолдолд Хорооны гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

11.9.Хорооны гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

11.10.Хорооны гишүүн аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулахыг хориглоно.

11.11.Хорооны гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ хашиж буй төрийн албан тушаалдаа хүндэтгэлтэй хандана.