Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссаны экс босс Японд үхэх, эсвэл оргох хоёрхон сонголттой болоод байснаа тайлбарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны өмнөхөн Токиод гэрийн хорионд байсан Ниссан компанийн гүйцэтгэх захирал асан Карлос Гон гадаад руу нууцаар оргож дуулиан тарьсан билээ.

Тэрээр Японы Ниссан, Мицубиши, Францын Рено компаниудын бизнесийн бүлэглэлийг амжилттай удирдаж, автомашины салбарын амьд домог болоод байсан хүн юм.

Гон өчигдөр Ливаны нийслэл Бейрут хотод хэвлэлийн хурал зохион байгуулж, яагаад оргох болсноо тайлбарлажээ.

“Би шударга ёсноос зугтаагүй. Харин шударга бус ёсноос зугтсан юм” гэж Гон энэ үеэр ярьсан байна.

Карлос Гон 2018 оны арваннэгдүгээр сард компанийн хөрөнгийг хувьдаа завшсан, татвараас зайлсхийсэн хэргээр Токиод баривчлагдаж байв.

Тэрээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Японы хуулийн системийг “хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, хэт хатуу” гэж тодорхойлжээ.

“17 жил зүтгэсэн улс орондоо барьцаалагдсан мэт сэтгэгдэл надад төрж байв. Харамсалтай нь миний зарим Япон найз нар Реногийн нөлөөнөөс Ниссаныг салгах ганц арга нь намайг зайлуулах гэж ойлгосон бололтой” гэж тэр ярьсан юм.

Хоёр үйлдвэрлэгчийн үйл ажиллагааг нэгтгэснээр бизнесийн үр ашиг нь дээшлэх боломжтой байсан ч япончууд уг хэлхээ холбоонд үл итгэж, Реногийн нөлөөнд хэт орохоос айсан тул өөрийнх нь эсрэг хуйвалдсан гэж Гон тайлбарлажээ.

Японы хэт хуучинсаг, хатуу хуулийн систем түүнийг нэг бол үхэх, үгүй бол оргохоос өөр замгүй болгосон гэнэ.

Японы эрх баригчид Карлос Гоныг эрэн сурвалжилж, баривчлуулах зарыг Интерполын сүлжээгээр тараагаад байгаа.

Карлос Гон дахин Японд очих бодолгүй бөгөөд шүүх хурлыг Японоос гадна зохион байгуулбал оролцоход бэлэн байгаагаа мэдэгджээ.

Тэрээр Ливан, Бразил, Франц гурван улсын иргэн юм.

 

Эх сурвалж: CNN