Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ханхүү Харригийн гэр бүл хатан хаанаас тусдаа, бие дааж амьдрахаар шийджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Ханхүү Харригийн гэр бүл хатан хаанаас тусдаа, бие дааж амьдрахаар шийджээ
Sara, ikon.mn - text to speech

Британийн ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар хатан хааны ордноос гадна амьдарч, санхүүгийн хувьд бие даах шийдвэр гаргаснаа өчигдөр зарлажээ.

Тэд ихэнхдээ Умард Америкт амьдрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. “Бид хатан хааны гэр бүлийн хүндтэй гишүүн байх боломжоосоо татгалзаж, санхүүгийн хувьд бие дааж амьдрахаар шийдлээ. Гэхдээ бид эрхэмсэг дээд Хатан хааныг хүндэлж, дэмжсэн хэвээр байх болно. Олон сарын турш эргэцүүлж, ярилцсаны эцэст бид энэ онд амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдсэн юм” гэж Букингэмийн ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Хатан хааны гэр бүлийн гишүүн байснаар ордны дэг ёсыг сахиж, албан ёсны олон арга хэмжээнд оролцох үүрэгтэй байдаг.

Харри, Меган нар өнгөрсөн Зул сарын баярыг хатан хаантай тэмдэглэлгүй Канадад тусдаа тэмдэглэж өнгөрүүлсэн юм.

Тэд 2018 онд Уиндсорын шилтгээнд тансаг хуримын ёслол хийж, өнгөрсөн оны тавдугаар сард хүү Арчигаа өлгийдөн авч байв.

Ханхүү Харри нь Их Британийн хаан ширээг залгамжлагчдын зургаадугаарт бичигдэж байгаа.

Тэрээр өөрийн ах ханхүү Уилльямтай таарамж муутай байгаа гэсэн яриа тараад байна. “Бид маш их завгүй болсон тул уулзалдахаа больсон. Гэхдээ би түүнд хайртай хэвээрээ” гэж Харри саяхан хэвлэлд ярьж байв.

Мөн түүний гэргий Меган ээж болохын хажуугаар хэвлэл мэдээллийнхний хараан дор амьдрахад хэцүү байгаагаа ярьж байжээ.

Түүнийг Уилльямын гэргий Кэйттэй зөрчилддөг гэсэн яриа бас хэвлэлээр тараад байгаа юм. 

Диана гүнжийн нэгэн адил Меган хэвлэл мэдээллийн дарамттай тулгарч байгаа эсэхийг сэтгүүлчид Харригаас асуухад “Би хамгаалах гэр бүлтэй хүн. Миний ээжийн амийг хөнөөсөн шиг зүйлтэй учрахыг би хүсэхгүй” гэж хариулж байжээ.

Өнгөрсөн онд хатан хааны гэр бүлийнхэн барцад ихтэй байв. Хатан хааны нөхөр 98 настай ханхүү Филипп жолоо барьж яваад өөр машинтай мөргөлдөж, дараа нь дөрөв хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм.

 Хатан хааны хайртай хүү гэгддэг ханхүү Эндрью АНУ-ын санхүүч Жэфри Эпштэйнтэй хамт насанд хүрээгүй охидоор зугаацдаг байсан гэх дуулиан өнгөрсөн оны турш хэвлэлээр цацагдаж байв. Тэрээр энэхүү дуулианыг эрс үгүйсгэж байгаа.

Хатан хаан Зул сарын баярын өдөр ард түмэндээ мэндчилгээ илгээхдээ өнгөрсөн оныг “бартаа саад ихтэй хүнд жил” гэж тодорхойлж байв. 

 

Эх сурвалж: AFP