Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: 2020 оны эдийн засгийн сорилт

Ч.Болортуяа
2020 оны 1 сарын 8
iKon.MN
https://www.facebook.com/mongoltv/videos/468822767402960/?t=0


Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд 3 удаа хямарсан талаар Олон Улсын Валютын Сан тодорхойлсон байдаг.

2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө, 2013-2014 оны түүхий эдийн үнийн хямралын нөлөө, үүнээс улбаалан 2016 оны төсвийн хямрал гээд гурван удаагийн хямралыг бид өнгөрсөн 10 жилд давж гарсан байна. 

Тэгвэл түүхий эдийн үнийн уналтаас үүдэх хямрал 2020-2021 онд дахин давтагдаж магадгүй талаар ОУВС мөн анхааруулж байгаа юм.

Энэ талаар болон 2020 онд эдийн засагт учирж болзошгүй эрсдэл, боломжийн талаар Монгол ТВ-ийн  "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгээр онцлон хэлэлцлээ.

Нэвтрүүлэгт оролцсон зочдын ярилцлагаас онцлох эшлэлийг түүн хүргэж байна.

"Схемийг Монголбанк бодож боловсруулсан гэсэн мэдээлэл надад байна"
 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 

  1. 2019 онд төсвийн орлого 700-800 тэрбум төгрөгөөр давж орж ирсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувь руу орж ирж бууж байгаа. Өөрөөр хэлбэл 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв гэсэн үг.
     
  2. Яагаад алдагдалгүй төсөв баталж болдоггүй вэ гэдэг дээр тайлбар хэлэхэд, алдагдалгүй төсөв батлахын тулд зардлыг нэлээд танах хэрэгтэй. Ийм үед эдийн засаг агшиж эхэлдэг.
     
  3. Төсвийн алдагдлыг аажмаар бууруулах бодлого барьж байна.
     
  4. Нүүрсний экспортыг өндөр тооцсон шалтгаан нь боомтын шинэчлэлийг эрт эхлүүлэх боломжтой гэж бид тооцсон. 2019 оны төсвийг хэлэлцэж байх үед боомтын шинэчлэлд зориулж тавигдсан мөнгийг ихэнхийг нь хассан байсныг 2020 онд бүтнээр нь тавьж өгсөн. Боомтын шинэчлэлийг хийснээр хилээр гарч байгаа ашигт малтмалуудад хяналт тавих, нэг цагт 100 гаруй машин гаргах мэтээр хурдтай ажиллах боломжтой юм.
     
  5. Засгийн газрын хувьд төгрөгийн ханш тогтвортой байхыг л хүснэ.
     
  6. Хүрэлсүхийн Засгийн газар 8 их наяд төгрөгийн өр төлсөн байдаг.  Засгийн газрын өрийн хэмжээг ОУВС-ийн зарласан 73 хувь гэдэг бол нэрлэсэн үнэ. Бид бүгдийн хэлээд байгаа ДНБ-ий 55.1 хувь гэдэг нь өнөөгийн үнэ цэнээр юм.
     
  7. Засгийн газар бол ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусаад зогсоох ёстой гэж үзэж байгаа.
     
  8. Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар ҮАБЗ улс төрийн шийдвэр гаргаад, улс төрийн бүх нам үүнийг нь дэмжиж байна. Энэ асуудлыг яагаад хэлэлцэж байгаад шийдэж болоогүй юм гэдэг асуудал бий. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ярьж болох л байсан. 
     
  9. Засгийн газрын хуралдаан дээр танилцуулж байгаа мэдээллээр, Салхитын мөнгөний ордыг энэ жилийн хавраас эхлээд ашиглаж эхэлнэ. Салхитын мөнгөний ордыг үндэслэсэн компани бонд гаргаж, уг бондыг нь Хөгжлийн банкны баталгаатайгаар худалдаж аваад мөнгөө хийнэ гэж ойлгосон. Энэ схемийг Монголбанк бодож боловсруулсан гэсэн мэдээлэл надад байна.
     
  10. Хүний хөгжил сан дээр 1.2 их наяд төгрөгийн өр байсан. Энэ бүх өрөө дараад дуусгасан. 2019 онд Ирээдүйн өв санд бид 538 тэрбум төгрөгийн хуримтлалыг Монгол улсын түүхэнд анх удаа хуримтлууллаа.
Анхны зорилго халамж байгаагүй ч С.Чинзориг сайдын өргөн барьсан хуулийн төсөл халамжийн бодлого шиг боловсруулж өгсөн байна
 

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын хорооны дарга З.Нарантуяа  

  1. 2020 онд төсвийн алдагдлыг нэг их наяд орчим төгрөгөөр бууруулах боломж байсан. 2019 оны зарлагыг тэр хэмжээгээр барихад л төсвийн алдагдлыг нэг их наяд орчим төгрөгөөр бууруулах боломжтой байсан.

  2. 2020 оны төсөвт урсгал зардлыг 1.8 их наяд төгрөгөөр нэмсэн. Урсгал зардлыг нэмэхгүй байх боломж байсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны үлдэгдлээс 20.4 хувиар нэмсэн. Эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулахыг хүсээгүй.

  3. Засгийн газар экспортын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах ажлуудыг хангалтгүй хийж байна. 

  4. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал бол халамж биш. Энэ асуудал үүсэж байгаа гол санаа нь бол Монгол улсад үүссэн ядууралтай холбоотой.  Баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэж орлогын тэгш бус байдал бий болсон. Үүнийг Үндсэн хуулийн аргаар засах боломжийг эрэлхийлсэн. Өөрөөр хэлбэл, анхны зорилго халамж байгаагүй ч С.Чинзориг сайдын өргөн барьсан хуулийн төсөл халамжийн бодлого шиг боловсруулж өгсөн байна.

  5. Монголбанкныхан тэтгэврийн зээл тэглэх талаар улс төрийн шийдэл гарсан гэж яриад байх юм. ҮАБЗ-ийн шийдвэр гарсан болохоос улс төрийн намын удирдах зөвлөлийн шийдвэр гарсан юм биш. Улс төрийн шийдвэр гарсан учраас бид нар хэрэгжүүлэхээс өөр аргагүй боллоо гэдэг бол хариуцлагагүй зүйл.

Төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс эсрэг зүгт чангаруулах гэж оролдвол энэ өөрөө эргээд буцаж харвадаг үзүүлэлт
 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа 

  1. Төсвийн бодлого, мөнгөний бодлого 2 балансаа барьж байж эдийн засгийн тэнцвэр хангагдаж байдаг.

  2. Монгол улс зах зээлд шилжсэнээс хойш байнга төсөв алдагдалтай явж байгаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэг талаас улс төрийн хүчин зүйл, сонгуулийн хугацаа, сонгуулийн амлалтууд, мөрийн хөтөлбөрүүд нөлөөлж байна.

  3. Сүүлийн 10 жилд төсвийн талаар гарсан нэг ахиц дэвшил бол Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль батлагдсан явдал.

  4. Төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс эсрэг зүгт чангаруулах гэж оролдвол энэ өөрөө эргээд буцаж харвадаг үзүүлэлт.

  5. Монголын эдийн засгийг авч үзвэл 2018 оны байдлаар 12.8 орчим тэрбум долларын орох урсгал орж ирсэн. Монгол улсын гадаад өрийн хэмжээ 29 тэрбум доллар болсон. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзвэл төгрөгийн ханшид дарамт байгаа нь харагдаж байгаа.

  6. Монгол улс эдийн засгийн өрсөлдөх чадварын хувьд бусад улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээнд биш байна.

  7. Хятадын Ардын Банкны своп хэлцлийн хүрээний зээлийн тухайд 12 тэрбум юанийн өр байгаа. Монголбанк 2016 оноос хойш энэ өрийг Хятадын Ардын банкнаас аваагүй, зогсоосон байгаа. Энэ бол 2013-2016 онд хуримтлагдсан өр байгаа юм. Уг зээлийн хугацаа 2017 оны 7 сард дууссан байсан. Уг зээлийг эдийн засагт дарамт багатайгаар төлөхийн тулд ОУВС-тай хамтарч хугацааг 3 жилээр сунгасан. Өнөөдрийн байдлаар валютын нөөц 4.3 тэрбум доллар байгаа. Дээрх өрийг төлөхөд цаана нь 2 тэрбум доллар МУ-д үлдэнэ. Гэхдээ үүнийг цаг хугацааны туршид нь тархааж, эдийн засагт дарамт багатайгаар шийдвэрлэх нь ашигтай гэж харж байгаа.

  8. Монголбанк ОУВС-ийн хөтөлбөрийг 5-р сар хүртэл амжилттай хэрэгжүүлээд дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Цаашдаа үргэлжлүүлэн хөтөлбөртэй явах ёстой гэсэн байр суурьтай байна. Учир нь Монгол Улсад эрсдэл байсаар байна. 

  9. Стандартаар бол “Stand by” хөтөлбөрийг 18 сар хэрэгжүүлдэг. Гэтэл энэ удаад 3 жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Төгрөгийн ханш суларч байгаа учраас зээлийн хүү буурахгүй
 

Эдийн засагч Ө.Ганзориг

  1. ОУВС-аас валютын ханшаа сулла, Монголбанкнаас төгрөгийн ханш сулрах нь Монгол улсын экспортод ашигтай гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр хийсэн. Гэтэл төгрөгийн ханш сулрах тусам иргэдийн төгрөгт итгэх итгэл байхгүй болж байна.

  2. Монгол хүмүүсийн Монгол төгрөгт итгэх итгэлийг сулруулж байгаад маш их санаа зовж байна.

  3. Төр өөрөө төсвийн хэт үрэлгэн бодлого явуулж, мөнгөний буруу бодлого явуулж итгэлийг үгүй болгосноор төр мөхдөг. Тэр иргэдээсээ итгэлийг нь төгрөгөөрөө дамжуулж олж авах хэрэгтэй.

  4. Төгрөгийн ханшийг сулруулж байгаад банканд мөнгөн хадгаламжтай чинээлэг иргэдийн итгэлийг алдсанаар дотоодын зах зээл дээр төгрөг доллар болж хувирах, хадгаламж долларжих байдал Монголын эдийн засагт олон удаа тохиолдсон.

  5. Тэтгэврийн зээлийг тэтгэврийн насны хүмүүс аваад байгаа юм уу эсвэл тэднээр дамжуулж үр хүүхдүүд нь авч хэрэглээний зээл болгоод байгаа юм уу гэдэг дээр тодорхой судалгаа байхгүй юм байна гэж С.Чинзориг сайдын ярианаас ойлгосон. Өөрөөр хэлбэл судалгаа хангалтгүй байна. Энэ 776 тэрбум төгрөгийг экспортын орлого нэмэгдүүлэх бизнесүүдэд, тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх гэх мэтэд зарцуулах боломж байсан.

  6. Хятадын компаниуд жилийн 6 хувийн хүүтэй зээл авч байхад Монгол компани жилийн 20 хувийн хүүтэй зээл авч өрсөлдөх ямар ч боломжгүй. Ингэж 30 жил явж ирсэн. Зээлийн хүүг бууруулах стратеги хаана очоод гацсаныг мэдэхгүй байна.

  7. Одоо төгрөгийн ханш суларч байгаа учраас зээлийн хүү буурахгүй. 

 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.