Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Түвшинтөгс: Бага орлоготой хүнд төрөөс мөнгө өгөөд дундаж давхарга руу оруулчихна гэвэл том эндүүрэл

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дундаж давхарга хэмээх үг моодонд ороод удав. 

Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Ерөнхий сайдад хүлээлгэн өгөхдөө дундаж давхаргыг 80 хувьд хүргэхээр зорьсныг мэдэгдсэн. 

Иргэд төдийгүй зарим албаны хүн бусад орны дундаж давхаргатай харьцуулалт хийж, гадны оронд хүүхдүүдээ хүссэн сургуульд нь явуулж, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж, жилдээ хоёр удаа гадаадад аялдаг хүмүүс дундаж давхаргад ордог хэмээн тайлбарлах нь бий. 

Тэгвэл энэ хоёр тохиолдолд аль аль нь Монгол Улсад дундаж давхаргын талаарх нэгдсэн ойлголт байхгүйг илтгэж буй аж. Учир нь дундаж давхарга гэдэг нь дундаж орлоготой иргэд бус, тухайн нийгмийн олонхыг хэлдэг гэдгийг Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс тодотгосон юм. Өөрөөр хэлбэл, 80%-д хүргэх зорилт тавихдаа бодлого тодорхойлогчид тухайн 80 хувиар хэрхэн тодорхойлж, яаж сонгож авч байгаа нь тодорхойгүй аж.

Тус хүрээлэн яг энэ асуудлыг онилж, Монгол Улсын дундаж давхаргыг тодорхойлохоор цуврал судалгаа хийж байгаа бөгөөд эхний судалгааны үр дүнгийнх нь талаар түүнтэй ярилцлаа.



-Яагаад дундаж давхарга чухал вэ. Яагаад энэ талаар судлах болсон талаар яриагаа эхлүүлье

-Монгол Улсыг зөвхөн эдийн засаг талаас нь харахаар бодитой өсөөд байгаа мэт. Гэтэл ядуурлынхаа тоог харахаар 30 хувиас дорвитой буухгүй байгаа. Өмнөх жилүүдэд эдийн засаг өсөхөөр ядуурал яг зэрэгцээд буурч байсан бол энэ удаа тэгж ажиглагдаагүй. 

Бас нэг зүйл нь орлогын хуваарилалтын асуудал байв. АНУ-д сүүлийн 20 жил цалинг дунджаар өсгөхөө больчихсон. Ингээд үйлдвэржилт өндөр буюу 60-70 онд маш их тэлж байсан дундаж давхарга цалин өсөхөө больсноос буцаад агшиж байна. Өөрөөр хэлбэл, орлогын хуваарилалт хоёр тийш явж байгаа. 

Монголд орлого хуваарилалт ямар байгааг хүн болгон мэдэж байгаа ч ярьдаг хүн ховор. Дундаж давхарга тэлж байгаа эсэхийг харуулсан судалгаанууд хомс. Гэтэл дундаж давхарга гэдэг бол яг үнэндээ нийгмийг чиглүүлж байдаг том масс. Тодорхойлолт ёсоор дундаж давхарга бол НИЙГМИЙН ОЛОНХ.

Тиймээс энэ талаар цуврал судалгаа хийж, дундаж давхарга ямар байгаа тодорхой гаргахыг зорьсон. 

Дундаж давхарга ямар чухал болохыг олон зүйлээр тайлбарлаж болно. 

Дундаж давхарга хэдий хүчтэй, том байх тусам нийгэм савлах нь бага

Сүүлийн үед зөвхөн Монголд төдийгүй дэлхийн улс орнуудад популизм газар авч, томоохон сорилт болж байна. Яагаад популизм ийнхүү хаданд гарч байгаа нь нийгэм маш тогтворгүй байгаагийн илэрхийлэл. Нэг хүн гарч ирээд чанга ярихад түүнийг дагаж нийгэм ханарч байна гэсэн үг. Үүнийг тогтворжуулдаг гол масс нь дундаж давхарга. Мэдээж ханарах үзэгдэл нийгэмд байх ч хэдэн хувь нь тогтворгүй байна вэ гэдэг нь асуудал юм. Үүний эсрэг үйлчилдэг хүч нь дундаж давхарга. Тиймээс дундаж давхарга хэдий хүчтэй, том байх тусам нийгэм савлах нь бага. 

Эдийн засагчид бол дундаж давхарга том байх тусам тухайн улсын эдийн засгийн хөгжил хурдасдаг гэж үздэг. 

Монгол Улсын тухайд популизм ч байна уу, эдийн засгийн суурь бүх зүйл дээр орлого хуваарилалт гэдэг асуудал хөндөгдөнө. Орлого хуваарилалтыг бид судалж, тэндээсээ дундаж давхаргаа томъёолоод, шинж чанарыг нь тодорхойлох гээд багаа юм. Энэ нь бидний судалгааны гол зорилго.

-Дундаж давхарга бол нийгмийн олонх гэж та хэллээ. Тэгэхээр Монгол Улсын дундаж давхарга гэхээр ямар хүмүүсийг хэлнэ гэсэн үг вэ. Дундаж давхарга 20-30 хувьтай л байна гээд яриад байдаг шүү дээ. Эсвэл дундаж амьдралтай хүмүүсээ дундаж давхарга ч гэж ойлгодог. Энэ нь буруу болж таарав уу?

-20-30 хувь гэсэн зүйл байхгүй. Тодорхойлолт ёсоор дундаж давхарга нь бол олонх. 

Өөрөөр хэлбэл, манай дундаж давхарга Америкийн дундаж давхаргатай харьцуулахад ядуу байж болно. Боловсрол муутай, эрүүл мэндийн баталгаа нь хангагдаагүй байж болно. Тэр нь хамаагүй. Улсынхаа хэмжээнд олонх нь л дундаж давхарга байх ёстой. Тиймээс тухайн улсынхаа нөхцөлд тааруулж л дундаж давхаргаа тодорхойлох учиртай. 

-Тэгвэл жилдээ гадаадад хоёр удаа аялдаг, хүссэн үйлчилгээгээ авдаг зэрэг тодорхойлолт өрөөсгөл гэсэн үг үү?

-Тэр бол гадны тухайн улсын тодорхойлолт. Гадаад оронтой Монголын дундаж давхаргыг харьцуулж болох уу гэвэл болно. Гэхдээ энэ нь хонийг ямаатай харьцуулж байгаагаас ялгаагүй. Яагаад гэвэл тэр орны амьдралын хэв маяг, соёл, үйл хөдлөлүүд биднийхээс тэс  өөр. 

Жишээ нь, манай гэр хороололд амьдарч байгаа айл дундаж давхаргад хамрагдана. Гэтэл  барууны стандартаар гадныхан ирээд гэр хорооллыг ядуусын хороолол гэж харна. Харин ингэж дүгнэхийг бид хүсэхгүй. Манай нийт өрхийн 20-30 хувь нь малчид. Тэд дундаж давхаргад орно. Гэтэл өөр улсад ийм бүтэц байхгүй. Тийм учраас бусад улсын дундаж давхаргатай харьцуулахыг дэмжихгүй. 

-Монголын дундаж давхаргыг тэгвэл хэрхэн томъёолох вэ. Ямар хэв шинжтэй байна вэ?

-Яг үүнийг бид цуврал судалгаагаараа тодорхойлохоор ажиллаж байна. Үүнийг дараагийн судалгаагаар гаргаж ирнэ. Энэ удаа бид эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор дундаж давхарга тэлж байна уу, агшиж байна уу, дундаж давхаргын өрх малтай юм уу, машинтай юу, хадгаламж хийдэг үү, хэр их зээл авдаг вэ гэх зэрэг бүх хэв шинжийг тодорхойлох гэж оролдлоо. 

Хүснэгт. Дундаж давхаргын өрхийн хот, хөдөөд эзлэх хувь (медиан орлогын 67-200%)

  2002-03 2007-08 2014 2017
  Хот Хөдөө  Хот Хөдөө Хот Хөдөө Хот Хөдөө
Бага орлоготой 29.9 27.5 30.6 28.9 23 31.4 25.8 31.1
Дундаж 53.7 48.2 50.4 57.4 61.3 58.8 59.5 59.2
Өндөр орлоготой 16.4 24.3 19 13.7 15.6 9.8 14.7 9.7

Тайлбар: Медианд үндэслэсэн аргын онцлог нь өрхүүдийн орлого жигдхэн өөрчлөгдсөн үед дундаж давхаргын эзлэх хувь бага өөрчлөгдөх хандлагатай байдаг. Мөн өрхийн орлого багатай улсад дундаж давхаргын доод зааг хэт доогуур тогтоогдож, хэрэглээний хувьд ядуу хүнийг дундаж давхаргад оруулж тооцох нөхцөл үүсдэг.

Судалгаанаас харахад орлогын аль ч тодорхойлолтоор, дундаж давхарга 2008-2014 онд хүчтэй тэлсэн. 2002-2017 онд өрхийн орлогын тэгш бус байдал буурсан, тэр дундаа хөдөлмөрийн орлогын эзлэх хувь өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна. “Медиан өрхийн орлогын 67-200%” аргачлалаар 2017 онд дундаж давхарга нийт өрхийн 59%, орлогын 59%-ийг тус тус бүрдүүлсэн байна. 

Нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн үзүүлэлтээр дундаж давхарга нь бага ба өндөр орлоготой бүлгийн “дунд” байна гэсэн дүр зураг гарсан.

Гэхдээ дундаж давхаргыг томъёолох нь өөрөө сонирхолтой зүйл биш.

-Яагаад?

-Үүнээс илүү сонирхолтой зүйл нь бидний хувьд дундаж давхарга ирээдүйд яах вэ гэдэг асуудал. 

Монгол Улс уул уурхай дагасан эдийн засагтай тул манай эдийн засгийн төрөлх шинж чанар нь орлого хуваарилалт тэгш бус болох магадлал өндөр. Тэгш бус байдал даамжрах магадлал манай улсад угаасаа өндөр гэсэн үг. Яагаад гэвэл энэ салбарт капитал их хэрэглэдэг, ажлын байр цөөн бий болгодог. Үүнийг дагаад мөнгөтэй хүмүүс энэ саларт үйл ажиллагаа явуулах боломжтой ба илүү их орлого олж, цөөн хүн ажилладаг тул тийш орлого бага хуваарилагдана.

Төрөлхийн ийм гажигтай эдийн засагтай тул дундаж давхарга дээрээ анхаарал хандуулж, бодлогоо урт хугацаанд томъёолохгүй бол ялгаварлал өндөр болно гэж харж байгаа. Энэ бол ойрын 5 жил, 10-20 жилийн эрсдэл. Улаанбаатар хотын нэг хэсэг нь өндөр хашаатай хувийн сууцууд, нөгөө хэсэг нь ядуусын хороолол болчих вий гэсэн болгоомжлол байна. Төрөлжсөн эдийн засагтай байсан бол ийм айдас байхгүй л дээ. 

График. Дундаж давхаргын эзлэх хувь, ялгаатай тодорхойлолтоор

Тайлбар: Монголын хувьд медиан өрхийн орлогын 75%–125% завсрыг ашиглаж тооцсон өндөр орлоготой бүлгийн эзлэх хувь 25%–33% байгаа нь дундаж ба өндөр орлоготой бүлгийн заагийг илүү өндөр, жишээ нь медиан өрхийн орлогын 200% байхаар сонгох нь зүйтэйг харуулж байна.

-Таны хэлж байгаа энэ болгоомжлол хэдийн бий болсон шиг санагдаж байна. 

-Үүнээс ч дордох, 10-20 жилийн цаадах эрсдэл байгаа тул, илүү оройтохгүйн тулд одоо бодлогоо зөв тодорхойлох ёстой гэсэн санаа. 

Судалгаанаас харахад дундаж давхаргад хамаарч байгаа хүмүүсийн хувьд  боловсрол, тэр дундаа хүүхдийн боловсрол асар чухал байна. 

Эрүүл мэндийн баталгаатай байдал бүхнээс дээр буюу топ 2 асуудал нь ийм байсан. 

Тэгэхээр бодлого тодорхойлогчид дундаж давхаргыг бэхжүүлж өргөжүүлэхийн тулд энэ гол сэдвүүдийг барьж авч, өрсөлдөх ёстой. Түүнээс биш энэ хүн бага орлоготой учраас ингэж мөнгө өгөөд дундаж давхарга руу оруулчихна гэж бодвол утгагүй, том эндүүрэл. Харин бага орлоготой иргэд рүү чиглэсэн тусгайлсан бодлого байж болох юм. 

-Эрүүл мэнд, боловсролын салбарт энэ жил нэлээд хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Гэхдээ хатуу дэд бүтцэд.

-Яг тийм. Боловсрол, эрүүл мэнд ярихаар нөгөө л ярьдаг сэдэв байна гээд хүмүүсийн урам хугарчихдаг. Гэхдээ уучлаарай, энэ бол бодож байгаагаас тань ч чухал асуудал юм. Эдгээр салбарыг чухал гээд байшин барих биш, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар буюу хэр их сэтгэл гаргаж байгаагаар хэмжигдэнэ. Тогтолцоо нь хэр зөв байна вэ гэдэг тухай асуудал. 

Товчхондоо, тэдэн хувьд дундаж давхаргыг хүргэнэ гэж тоо дэвшүүлэхдээ биш, чанарын шинжтэй зорилтуудыг тавих нь чухал.