Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний эв нэгдлээ сайтар хангахгүй бол улс оронд маш их сөргөөр нөлөөлдгийг "Лхүмбийн хэрэг" харуулна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатарын “Лхүмбийн хэрэг” номын нээлт өнөөдөр болж байна.

Тус номд 1933 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбээр толгойлуулсан “хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт төвтэй бүлэг хэрэг” гэгч хилс зохиомол хэргийг Хэнтий аймагт хэрхэн зохион байгуулсан тухай өгүүлдэг.

Энэ тухай Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар хэлэхдээ “Улс төрийн сэдэлтэй бөөнөөр нь хорих ажиллагааг 1921 оны хувьсгалын дараа Бодоо тэргүүтэй 14 хүнийг буудан хороосноос эхлэлтэй гэж үздэг.

Ялангуяа, XX зууны 1930-1940 он бол Монголын улс төрийн түүхэнд хамгийн аймшигтай үйл явдал тохиолдсон үе. Тухайн үед манай улс 600 мянга гаруйхан хүн амтай байсан мөртлөө 37 мянга гаруй хүнийг хилс хэрэгт гүтгэн хорьж, 20 мянга гаруй хүнийг цаазлан хороосон байдаг.

Ийнхүү хийгээгүй хэрэгт нь гүтгэж, олноор хоморголон устгасан явдал нь улс орны хүний нөөц, эдийн засагт маш их гарз хохиролтой зүйл болсон юм.

XX зууны эхний хагаст дэлхийн олон улсын байдал их өөрчлөгдсөн бөгөөд их гүрнүүдийн улс төрийн бодлого Азид их төвлөрсөн. Үүнээс үүдэлтэйгээр их гүрнүүдийн зөрчил нь манайх шиг жижиг, буурай орнуудад маш муугаар нөлөөлсөн.

Харин хөгжлийн чиг хандлагаа өөрөөр харах гэсэн улстөрчдийг дуулгавартай байлгах үүднээс Зөвлөлт холбоот улс, түүний хүчний байгууллага оролцсон улс төрийн зохиомол хэргийг захиалж хийлгэсний эхнийх нь нь Лхүмбийн хэрэг юм.

Лхүмбийн хэрэгт 1,500 гаруй хүн нэр холбогдож, 300 гаруй хүн шийтгэгдсэн.

Энэ хэргийг хойч үе залуус маань марталгүй байнга санан дурсаж, дахин ийм явдал болохоос сэргийлж байх учиртай бөгөөд түүхээс бид маш их сургамж авах ёстой.

Тухайлбал, эрх баригчид талцаж хуваагдахгүй байх, үзэл бодол нэгтэй байх, улс үндэстний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, түүн дээрээ баттай зогсох ёстой гэдгийг энэ түүх харуулдаг.

Талцал хуваагдал, үл ойлголцлыг гаднын их гүрнүүд маш чадварлагаар ашигладаг. Үүнийг монголчууд бид Манжийн үед амссан ч өмнөхөөсөө сургамж авч чадалгүй ХХ зууны эхэн үед Лхүмбийн хэргээр давтагдсан тохиолдол бий.

Өнөөдөр ч бид нам, бүлгээрээ талцаж хуваагдсаар байгаа нь харамсалтай. Үүнийгээ зогсоож, үндэсний эв нэгдлээ сайтар хангахгүй бол улс оронд маш их сөрөг нөлөө үзүүлдгийг би "Лхүмбийн хэрэг" номдоо харуулахыг зорьсон" гэлээ.

Мөн тэрбээр "Монголчуудын нэг сул тал нь манлайлагч дагаж нэгддэг ард түмэн байсан. Тийм ч учраас Богд хаан нас барснаас хойш гадаадын улс төрийн хүчнүүд монголчуудыг аль болох удирдагчгүй байлгах бодлого барьж эхэлсэн.

Ж.Лхүмбэ хэлмэгдэхдээ "Би олон хүний цусаар гараа угаахгүй, өөрийнхөө толгойгоор дуусна" хэмээн хэлсэн байдаг. Түүнд хүчээр ял тулгаж 31 настай байхад нь буудан хороосон” гэдгийг онцлов.

Энэхүү ном үргэлжилж хэлмэгдүүлэлтийн бүтэн түүх гарна

 

Нээлтийн үеэр тус номын редактор, МУИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхч, доктор П.Дэлгэржаргал “Энэхүү ном үргэлжилж хэлмэгдүүлэлтийн бүтэн түүх гарах байх гэж бодож байгаа" хэмээн хэлсэн юм.

Гэрэл зургийг Mpa.mn