Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн хий дамжуулах таван жилийн гэрээг Украин, Орос улсууд байгууллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Оросын байгалийн хийг газар нутгаараа дамжуулан Европт нийлүүлэх гэрээг Москвагийн эрх баригчидтай байгуулж чадсанаа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр мэдэгджээ.

“Украин улс байгалийн хийг нутгаараа дамжуулах таван жилийн хугацаатай гэрээг байгууллаа. Үр дүнд нь манай улсад $7 тэрбумын орлого орох юм. Гэрээг цааш нь дахин 10 жил сунгах боломжтой” гэж Зеленский фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Гэрээ байгуулсны үр дүнд Украины байгалийн хийн хоолойнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, эрчим хүчний аюулгүй байдлаа хангаад зогсохгүй иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх боломжтой болж байгааг тэр онцолжээ.

Эхний нэг жилийн хугацаанд Украинаар дамжих хийн хэмжээ доод тал нь 65 тэрбум шоо метр байх бол дараагийн дөрвөн жилд нь жил бүр 40 тэрбум шоо метр байх гэнэ.

Байгалийн хий дамжуулах Украин, Оросын засгийн газар хоорондын хэлэлцээ энэ сарын 26-нд Вена хотод эхэлсэн юм. Хэлэлцээний үр дүнд Оросын Газпром, Украины Нафтогаз компаниуд шүүхийн маргаанаа хааж, харилцан төлбөр тооцоогоо барагдуулах тохиролцоонд хүрсэн байна.

Тухайлбал Газпром компани энэ онд багтаан Стокгольмын Арбитрын шүүхээр тогтоосон $2.9 тэрбумыг Нафтогаз компанид төлөхөөр болжээ.

 

Эх сурвалж: ТАСС