Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

37-Р ТОЧКА киноны бүх тайлал хоёрдугаар бүлэгт гарна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 28
iKon.MN

Фантастик продакшны уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны 1-р бүлэг дэлгэцнээ гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийн хайртай бүтээл болсон.

Үзэгчдийн хүртээл болж амжаагүй байхад нь л найруулагч Б.Тамир “Монголын олон ангит кино ертөнцөд шинэ жишгийг тогтооно” хэмээн ам бардам хэлж байсан. Тэр амлалт нь ч биелж өнгөрсөн намрын турш үзэгчдийг байлдан дагуулсан тус киноны 2-р бүлэг хоёрхон хоногийн дараа үзэгчдэд хүрч эхлэх гэж байна. Тиймээс “37-р точка” олон ангит уран сайхны киноны гол дүрийн жүжигчид болох жүжигчин Б.Барслхагва, Ж.Алтаншагай, М.Баярбат нартай хэсэг хором ярилцлаа.

- Киноны 1-р бүлэг дууссанаас хойш үзэгчдийн дунд 2-р бүлгийн хүлээлт маш өндөр байгаа нь ажиглагдаж байна. Та бүхэнд үзэгчдийн тэр их хүлээлт хэрхэн мэдрэгдэж байна вэ?

 

Ж.Алтаншагай: Бидний 10 жилийн ойдоо зориулан бүтээсэн уран бүтээлийг үзэгчид маань маш ам сайтай үзэж байгаад миний хувьд их баяртай байгаа. Кино гарч эхэлснээс хойш л “37-р точка”-тай холбоотой зураг, мэдээллүүдийн хандалт асар өндөр байна шүү дээ. Хүмүүс чатаар, мессежээр, гудамжинд таараад хүртэл киноны талаар олон зүйлийг ярилцаж, төрөл бүрийн асуултууд асуусаар байна. 2-р бүлэг хэзээ гарах талаар асуулт бидэнд бүр үнэхээр тасралтгүй орж ирж байсан. Энэ бүх эерэг хандлагыг, үзэгчдийн хүлээлтийг ингэж мэдэрч байгаа нь уран бүтээлчид бидний хамгийн том шагнал юм уу даа.

- 1-р бүлэг дууссанаас хойш үзэгчдийн зүгээс ямар асуулт хамгийн их ирсэн бэ?

Ж.Алтаншагай: Мэдээж 2-р бүлэг хэзээ гарах вэ? гэсэн асуулт биднийг бүгдийг нь тайван суулгаагүй. Бас киноны үйл явдалтай холбоотой таавар асуултууд маш их ирсээр байна. Тэрний хүүхэд тэр үү? Чиний аав тэр мөн үү гээд л. Бид эдгээр асуултуудад ямар ч хариу өгөхгүй байгаа. Учир нь үйл явдлыг нь хүлээж байгаад кинон дээрээсээ үзвэл илүү амттай шүү дээ.

 

М.Баярбат: Тийм шүү. Надад л гэхэд Ялалтын аав яг хэн юм бэ? гэсэн асуулт маш их ирсэн. Уг нь энэ талаар сайн бодох юм бол 1-р бүлэгт гарчихсан. Тэгтэл одоо хүртэл асуусаар л байгаа (инээв). Энэ асуултыг бүр тодорхой болгохыг хүсч байгаа үзэгчдэд маань 2-р бүлэг хариулт өгөх болно оо.

- Одоо гарах 2-р бүлэг 1-р бүлгээсээ утга агуулгын хувьд юугаараа ялгарч байгаа вэ?

 

Б.Барслхагва: Өмнөх бүлэгт дүрүүдийн хүүхэд нас, идэр залуу насны үйл явдлууд гардаг бол дараагийн бүлэгт тэдгээр дүрүүд маань том болно, илүү том тоглолтуудыг хийнэ. Мөн мэдээж эхний бүлгээс үзэгчдэд үлдсэн бүх асуулт, зангилаануудын учир шалтгаан энэ бүлэгт тайлагдах болно.

- Кино гарахаас өмнө үйл явдалтай холбоотой жижигхэн ч гэсэн мэдээлэл өгөх боломжтой болов уу?

Б.Барслхагва: Киноноосоо л үзэх нь илүү сонирхолтой шүү дээ. Мэдчихвэл тэр үйл явдал амтгүй болчихно.

- “37-р точка” үзэгчид Лутаагийн дүр дээр хоёр хуваагдчихаад байгаа шүү дээ. Явж явж бүхний тайлал энэ дүр дээр л өрнөөд байх шиг. Энэ дүрийг бүтээхийн тулд жүжигчин Барсаа хэр их ажилласан бэ?

 

Б.Барслхагва: Лутаагийн дүр бол аливаа зүйлийг хүчээр шийдэх сонирхолтой, юманд их түргэддэг, түргэдсэндээ ч харамсдаггүй, өөрийгөө хэзээ ч барьж хорихыг хүсдэггүй дүр. Тухайн дүрийг Барсаа миний бие өөрөөрөө дамжуулж гаргасан. Тэгэхээр тэр дүрд миний мөн чанар ч бас тодорхой хэмжээгээр суусан байж таараа. Үүн дээр нэмээд найруулагчийн мөн чанар ч нэмэгдэж байгаа юм. Зохиол, жүжигчин, найруулагч гурвын дундаас л тухайн дүр бүтэж байгаа хэрэг л дээ. Миний хувьд өөрөөсөө, мөн өмнөх дүрүүдээсээ өөр дүр гаргахыг их хичээсэн. Чадсан эсэхэд үзэгчид маань дүгнэлт өгөх байх аа.

- Тэгвэл Баярбатын хувьд хамгийн эхний анги дээр уснаас гарч ирснээс эхлээд л үзэгчдийн хайртай дүр болж, олон ч хүнийг уйлуулж, баярлуулж, догдлуулсаар 1-р бүлгийг дуусгасан. Дараагийн бүлэгт ч мөн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх хэсгүүд олох бий юу?

 

М.Баярбат: Миний хувьд 1-р бүлэг бол зөвхөн эхлэл байсан. 2-р бүлэгт киноны гол тайлалууд гарах учраас тэр чигээрээ л бүр илүү сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна даа. Хүүхэд байхаа болиод том залуучууд болчихно шүү дээ. Киноны маань гол цөм энэ бүлэгт л оршиж байгаа гэж хэлэх байна даа.

- Алтаншагайг кино зураг авалтын дундуур хөлөө бэртээсэн гэж сонссон. Алхаж ч чадахгүй байсан ч кино зураг авалтанд оролцож, ажлаа үргэлжлүүлсээр байна гэдэг жүжигчин хүнээс л гарах тэсвэр тэвчээр болов уу?

 

Ж.Алтаншагай: Дарханы зураг авалтын үеэр бэртэж, хөлийнхөө таван хурууг хугалсан. Гэсэн ч кино багийн маань тэр олон зуун хүмүүс бүхнээ зориулаад ажиллаж байхад би гэмтлээ гээд дундаас нь орхиж явж чадаагүй. Бэртсэнээсээ хойш 4 хоног зураг авалтанд орж, сүүлдээ хөлийн хурууны хэсгүүдэд маань үхжилт явагдах магадлалтай болж эхэлсэн. Сүүлийн өдөр өвдөөд тэсэхгүй байсан ч ямар ч байсан шүд зууж зураг авалтаа дуусгаад л шууд хотод ирж яаралтайгаар хагалгаанд орсон доо. Хагалгаанд орсны дараа 3 сар орчим хэвтэрт байсан. Одоо ч яг бүрэн эдгээгүй л байгаа. Эргээд харахад зөвхөн зураг авалтаа амжилттай дуусгахын төлөө л үнэхээр том эрсдлийг үүрээд даваад гарчихсан байна даа.

- Сонгууль болох гэж байгаа болохоор ч тэр үү “37-р точка”-г улс төрийн захиалгатай кино гэсэн шум мэр сэр сонсогдоод байгаа шүү дээ. Энэ тал дээр продакшны зүгээс тайлбар өгөөч.

Ж.Алтаншагай: Киноныхоо санааг өөрсдөө гаргаж, уран бүтээл бий болгох хэмжээний мөнгийг ч бид өөрсдөө л босгосон. Байгууллагуудад кино төслөө танилцуулж, хамтран ажиллах санал тавьж, эргээд биднийг дэмжсэн компаниуд бол цэвэр бизнесийн байгууллагууд. Скайтел, Үнэт продакшн, NTV, STAR телевизийг энд нэрлэж болно. Тэрнээс биш хэн нэг улс төрч, нам эвслийн захиалгаар киногоо хийгээгүй гэдгийг бид хариуцлагатайгаар хэлж байна.

Ер нь кинонууд Монгол Улсын түүхэн үйл явдлуудтай яагаад холбогдож болохгүй гэж. Түүх бол хүний өмч биш шүү дээ. Гэтэл хүний өмч юм шиг хандаад ард нь улс төрийн томчууд байна гэж сэрдээд байгаад залуу уран бүтээлчийн хувьд маш их харамсаж байгаа. Бидний маш их хэмжээний хөдөлмөр, хөлс хүч, гэр орондоо ч үзэгдэх завгүй үнэхээр их зүйлээ зориулж хийсэн бүтээл шүү дээ. Фантастик продакшн түүхэндээ улс төрийн зорилготой захиалгат кино хийж байгаагүй. Цаашдаа ч бид өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг хэзээ ч тийм бохир аргаар солихгүй. Энэ бол цэвэр фантаз, уран сайхан шүү дээ. Фантастик продакшны уран бүтээлч, найруулагч нарын сэтгэлгээнээс үүссэн зохиомол үйл явдлууд шүү гэдгийг л мэдээсэй гэж хүсч байна. Бид энэ киноны үйл явдал, дүрүүдээр хүний амьдрал дээр болдог үйл явдал, утга санааг л илэрхийлэхийг зорьсон. “37-р точка” кинонд маань гэр бүл, ах дүү, хайр дурлал гээд амьдралын бүх л сэдвүүд орсон байгаа. Энэ бүх үйл явдал тэр чигээрээ л кино зохиол, уран сэтгэмж шүү дээ.

- Ердөө хоёр хоноод л “37-р точка” киноны шинэ бүлэг гарч эхлэх гэж байна. Үзэгчдийн зүгээс мэдээж хүлээлт өндөр байгаа. Харин уран бүтээлчид, жүжигчдийн хувьд энэ мөчид ямархан хүлээлт үүсдэг вэ?

М.Баярбат: Мэдээж сайхан байлгүй яахав. Эмч хүн өвчтөнөө эдгэхэд баярладаг, галынхан галаа унтраачихаад баярлана гээд л хүн бүхний мэргэжил өөр шүү дээ. Бидний хувьд бүхнээ зориулан бүтээсэн уран бүтээл маань дэлгэцнээ гарах үнэхээр том баяр баясгаланг өгдөг. Энэ өдрүүдэд бидэнд үзэгч түмнээсээ дутахааргүй хүлээлт, догдлол үүсдэг шүү.

- “37-р точка” олон ангит уран сайхны киноны 2-р бүлэг ямар сувгуудаар үзэгчдэд хүрэх вэ?

 

Б.Барслхагва: Ирэх даваа гарагаас буюу 12дугаар сарын 30-наас эхлэн СКАЙмедиа IPTV болон SkyGO-ийн видео сангаар үзэгчдэд хүрнэ. Харин нэгдүгээр сарын 11-нээс эхлээд STAR болон NTV телевизийн сувгуудаар гарна. Өмнөх бүлгийн адил энэ удаа анги бүр долоо долоо хоногийн хүлээлттэйгээр үзэгчдэд хүрэх болно.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.