Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ням гарагт 128 бөхийн барилдаан болж, Ерөнхийлөгч Төрийн соёрхол хүртээнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр 2019 оны 12 дугаарын 29-нд тохионо. Энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан ч Ням гарагтай давхцаж байна.

Ойн өдрөөр Ерөнхийлөгч Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат бусад төрийн шагнал гардуулах юм байна.

Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох ажээ.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байв.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд:

  • 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв.
  • 2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.
  • 2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.
  • 2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв.
  • 2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм.
  • 2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа.
  • 2017 оны барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэж байв.
  • 2018 оны барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж байжээ.