Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Би ирэх жилийн эхний хэдэн саруудад Тамгын газрын даргын албан тушаалдаа байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг өнгөрөгч Баасан гарагт эцэслэн баталсан билээ. Уг хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний нэр дэвших эрхийг хязгаарласнаас гадна гадаадад амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй болсон. Энэхүү заалтыг МАН-ын зүгээс эсэргүүцэн, Сонгуулийн хуульд хориг тавихыг хүсч Ерөнхийлөгчид хандаж буйгаа илэрхийлсэн юм.

Сонгуулийн хуульд хориг тавих эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад "Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Нэгэнт саналаа оруулсан учраас Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй" гэлээ. 

Түүнээс цаг үеийн холбогдолтой цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна. 

-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Үүнийг яаж шийдэхээр болсон бэ? 

-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг болиулаагүй. Хойшлуулсан. 

-Ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Хоригийг яаж хүлээж авах нь Их хурлын ажил. Ямар ч байсан ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх байсан НДШ-ийн хоёр хувийн нэмэгдэл байхгүй болсон. 

МАН-ынхан “Биднээс хойш галав юүлсэн ч яахав” гэдэг байдлаар хандсан. Ямар ч байсан өөрсдийнхөө байх үед НШД-ийг нэмэхгүй, дараагийн Их хурал нь учраа олно биз гэдэг байдлаар асуудалд хандаад байгаа. Тэгэхээр дараагийн Их хурал үүнийг бүр мөсөн хүчингүй болгосон нь дээр л дээ. 

НДШ-ийг нэмэхийн оронд 240 тэмбум төгрөгөө Капитал банкнаас авах хэрэгтэй. Тэр банкны мөнгө алга болоогүй. Хаа нэгэн газар байж байгаа. 

-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эсвэлд нээлттэй болгох нь Улсын бүртгэлийн хуультай зөрчилдсөн юм биш үү?

-Зөрчилдөөгүй. 2008 онд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдахад миний бие АН-ын төлөөлж гишүүнээр нь ажиллаж байсан. Тэр ажлын хэсэг хар машин, нэрсийн жагсаалтыг өгдөг олон шинэчлэлийн сонгуулийн хуульд оруулсан. 

АНУ-д ч сонгогчдын овог нэр, гэрийн хаягыг өгдөг. Тэнд энэ мэдээлэл хувь хүний нууцад тооцогддоггүй. Бүртгэлийнхэн болон МАН-ынхны яриад байгаа зүйл туйлийн буруу. Энэнээс болж бүртгэлгүй олон хүн сонгуульд санал өгөөд 2008 оны сонгуулийн будлиан гарсан. Үүнийг шийдсэн хуулиа буцааж болохгүй. 

-Таныг албан тушаалаасаа чөлөөлөгдөөд сонгуульд өрсөлдөнө гэдэг мэдээлэл эртнээс яригдсан. Үүнд хариулт өгөөч? 

-Төрийн албан хаагчид сонгуульд өрсөлдөх бол ажлаа өгдөг. Төрийн улс төрийн албан хаагчид ажлаа өгдөггүй. Ерөнхийлөгч намайг ажилла гэвэл ажиллана. Ямар ч байсан ирэх жилийн эхний хэдэн саруудад энд байж таарах гээд байна. Ажлынхаа багцааг харах юм бол. 
Сонгуульд дөхөхөөр ажлаа өгнө, чөлөө авна гэхчлэн ямар нэгэн байдлаар явахгүй бол болохгүй. 

-Гадаад улсуудад суух Элчин сайд, Ерөнхий консулын асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Элчин сайд нарын томилгооны асуудлыг Засгийн газарт өгсөн. Засгийн газар л яаралтай шийдэх хэрэгтэй. 

-АН сонгуулийн зардлаа 60-100 сая төгрөгийн хандиваар босгохоо зарласан. Та хандиваа өгсөн үү?

-Би хандив өгөөгүй. Хүмүүсийг уриалж АН-д 40 сая төгрөгийн хандив өгүүлсэн. Нийт 110 хүн өгсөн гэсэн