Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батдэлгэр: 133 дугаар сургуулийн байрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дөрвөн ээлжээр хичээллэж буй нийслэлийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг, эхийн зөвлөл өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

1,600 гаруй хүүхэдтэй 133 дугаар сургуулийн сурагчид "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хоёр, хоёр цаг хичээллэдэг аж.

"Монгол тэмүүлэл сургуулийн эцэг, эхчүүд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, хэрэг үүсгэсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

133 дугаар сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр хэлэхдээ “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо өөрийн гэсэн хичээлийн байргүй, ганц баригдсан сургуулийг нь Монгол тэмүүлэл сургууль БСШУС-ын сайд хууль зөрчиж эзэмшүүлсэн.

Үүний улмаас 133 дугаар сургууль улсын хэмжээнд дөрвөн ээлжээр хичээллэж байгаа ганц сургууль болчхоод байна.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуулийн насны нийт 5,600 хүүхэд байдгаас 1,600 нь л Үндсэн хуулиар олгогдсон боловсрол үнэгүй эзэмших эрхээ эдэлж байна. Бусад хүүхдүүд нь харьяа дүүрэгт нь өөр сургууль байхгүй учраас тэр эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.

Гэтэл эрхээ эдэлж байгаа 1,600-н хүүхэд нь хүртэл дөрвөн ээлжээр хичээллэж байгаа нь харамсалтай.

Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид 8-10 цаг ганцхан ээлжээр хичээллэж байхад 133 дугаар сургуулийн сурагчид 2-3 цагаар дөрвөн ээлжээр хичээллэдэг.

2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр тус барилгад Улсын комисс ажиллахдаа 133 дугаар сургуулиар гэж хүлээж авсан.

Гэтэл гуравхан сарын дараа БСШУС-ын сайдын тушаал гарангуут улсын комисс дахин хуралдаж шийдсэн мэтээр хоёрхон хүн арын үсэг зураад 133 дугаар сургуулийн барилга гэснийг Монгол тэмүүлэл сургуулийн барилгаар хүлээж авахаар шийдвэрлэсэн байдаг.

Сүүлд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нийслэлийн Засаг дарга БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар Монгол тэмүүлэл сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэгдүгээр байр руу нүүлгэхээр болсон.

Гэвч Монгол тэмүүлэл сургуулийн эцэг, эхчүүд тус хамтарсан тушаалыг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, хэрэг үүсгэсэн.

Тиймээс бид өнөөдрийн хэвлэлийн хурлаараа дамжуулж Монгол тэмүүлэл сургуулийн эцэг, эхчүүдийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг хүсэж байгаагаа илэрхийлмээр байна" хэмээн онцлов.

Мөн тэрбээр "Энэ бүхний цаана Баянзүрх дүүргийн 1,600 гаруй хүүхдийн эрх ашгаас гадна 26 дугаар хорооны нийт 5,600 гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Өнөөдөр 1,600 хүүхэд Монгол улсын стандартаас 3-4 дахин доогуур хичээллэж байна. БСШУС-ын сайд Монгол тэмүүлэл сургуулийг шинээр бариулахаар 3.5 тэрбумыг Улсын төсөвт оруулсан.

Монгол тэмүүлэл сургуулийн Худалдаа үйлдвэрлэлийн нэгдүгээр байрны засвар нь дууссан энэ долоо хоногт Улсын комисс хүлээж авах байх. Харин Улсын комисс авсны дараа 133 дугаар сургуулийн байрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэдгийг нэмж хэлэв.

"Богино цагаар хичээллэх нь бидний ажилд хүртэл саад болж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

133 дугаар сургуулийн эцэг, эхийн төлөөлөл н.Баярбат “Манай гурван хүүхэд 133 дугаар сургуульд сураад хоёр жил болж байна.

Өмнө нь хоёр хүүхэд маань өөр сургуульд сурч байгаад хоёр жилийн өмнө тус сургуульд элссэн.

Өнөөдөр 133 дугаар сургууль:

  • I ээлж: Өглөө 08:00-11:00 цаг хүртэл
  • II ээлж: 11:30-13:30 цаг хүртэл
  • III ээлж: 13:30-15:00 цаг хүртэл
  • IV ээлж: 15:30-19:00 цаг хүртэл хичээллэж байгаа юм. Энэ байдал нь бидний ажилд хүртэл саад болж байна.

Эцэг, эхчүүд хүүхдээ өглөө сургуульд нь нэг хүргэж өгөөд өдөр авдаг, эсвэл өдөр хүргэж өгөөд орой авдаг байтал би хүүхдүүдээ засвар зайгүй сургуульд нь хүргэж өгч, авсаар өдөр өнгөрч байна.

Монгол тэмүүлэл сургуулийн эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, Бид хүүхдүүдээ харьяа дүүрэгт нь улсын сургуульд явуулж, хувийн сургуульд өгч чадаагүй нь буруу биш. Бид адилхан эцэг эхчүүд. 1,600 хүүхэд болон 200 гаруй хүүхдийн эрх ашиг гэдэг бол харьцангуй ойлголт. 

Танай хүүхдийн сургуулийг өөр байрлуу шилжүүллээ гээд багш нар нь солигдож, сургалт нь муудахгүй.

Тийм учраас хувиа бодолгүй, ирээдүй болсон олон хүүхдийн төлөө сургуулиа чөлөөлж өгөхийг хүсэж байна“ гэсэн юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn