Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүдэл Шийдэл: "Пропорционал тогтолцоогүйгээр намуудыг төлөвшүүлэх боломжгүй"

Ч.Болортуяа
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ-аар сонгуулийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ.

2020 оны УИХ-ын сонгуулийг угтан өөрчлөлт оруулж буй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 25-наас өмнө батлах ёстой. Тиймээс ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг түрүүлэн хэлэлцэж буй.

Тиймээс Монгол ТВ -ийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгээр энэ долоо хоногт "2020 оны УИХ-ын сонгууль" сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

Нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн зочдын онцлох эшлэлээс хүргэж байна. 

"Томсгосон мажоритар тогтолцоо бол иргэдэд сонголтыг нэмж байна гэсэн үг"
 

УИХ-ын дэд дарга, МАН-ын гишүүн Л.Энх-Амгалан:

  1. Бид өнгөрсөн хугацаанд нийт 7 удаагийн сонгууль хийсэн. Жижиг мажоритар системээр 3 удаа сонгууль хийсэн байна. МАН-ын бүлгээс шийдвэрлэсэн өнөөдрийн сонгуулийн тогтолцоогоор бид 2 удаа буюу 1992, 2008 онд хийсэн.

  2. Сонгуулийн тогтолцоо бүхэн давуу болон сул талтай.

  3. Цаашид Монгол улсад савладаггүй сонгуулийн тогтолцоо байгаасай гэж хүсэж байна.

  4. Бидний гаргаж буй шийдвэр Парламентын ардчиллыг бэхжүүлэх алхмуудыг хийх ёстой. Өнөөдрийн шийдвэр бол урагшаа нэг алхсан шийдвэр. Гэхдээ миний хувьд холимог тэр дундаа хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмждэг. Үндсэн хуульдаа ч үүнийгээ оруулж өгөх ёстой байсан.

  5. Сонгуулийн хууль, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулиуд нь олонх байгаа, эрх баригч намын дангаараа шийддэг асуудал биш.

  6. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам бий. Бид Сонгуулийн хуулийн төслийг өргөн барихын өмнө намуудын дунд 2 удаагийн хэлэлцүүлэг хийсэн.

  7. Томсгосон мажоритар тогтолцоо бол иргэдэд сонголтыг нэмж байна гэсэн үг.

  8. Том тойргоор сонгууль явах учраас сурталчилгааны хугацааг сунгах эсэх асуудлаар ярих нь нээлттэй.

  9. Одоо эрх барьж байгаа намд өөртөө ашигтайгаар тоглоомын дүрмийг өөрчлөөд байгаа мэт харж болохгүй. 

  10. Нийт сонгогчдын 60-70 хувь нь 35-аас доош насны залуучууд байна.

  11. Тойргийн тоог 26 гэж эцэслээгүй байгаа. Томсгосон тойргоор, олон мандаттай явах боловч эцсийн байдлаар хэдэн тойрогтой явахыг эцэслэн шийдээгүй.

  12. Төрийн албаны тухай хуулийг батлахад төрийн албан хаагчид тавигдах шаардлага гэж бий. Уг шаардлагын 8-рт авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байвал тэр хүн төрийн алба хашихгүй гэсэн заалт бий. Тэр заалт Сонгуулийн хуульд ч гэсэн адилхан үйлчлээд явна.

  13. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэхийн тулд улс төрийн намууд төлөвших ёстой. Сонгуулийн хуулийн дараа Улс төрийн намын тухай хууль яригдана.

  14. Манай улс хамгийн өндөр зардлаар сонгууль хийдэг улсуудын нэг болсон байна. Монголд нэг сонгогчид зарцуулагдах сонгуулийн зардал 6-7 доллар байна. Олон улсын жишиг нь 5 доллараас хэтрүүлэхгүй байх.

"Пропорционал тогтолцоогүйгээр намуудыг төлөвшүүлэх боломжгүй"
 

Эрх зүйч, судлаач, АН-ын гишүүн Х.Номингэрэл:

  1.  Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Дор хаяж 30 хувь.
     
  2. Өнөөдөр эрх баригчдын сонгосон сонгуулийн тогтолцоогоор 2008 оны сонгуулийн дүнгээр 3 эмэгтэй гишүүн УИХ-ын гишүүн болсон. Энэ бол маш бага тоо. Одоо ч гэсэн бид дэлхийн дунджаас доогуур явж байгаа.
     
  3. Томсгосон 26 тойргоор явуулах нь жижиг тойргоос дээр гэдэгтэй санал нийлж байна.
     
  4. Үүнээс үүдэн илүү том тойрог руу үр дүнтэй аргаар яаж хүрэх үү гэдэг асуудал бий болно.
     
  5. Сонгуулийн тогтолцоогоо олон дахин сольж байгаад олон хүчин зүйл байгаа. Нэг талаар алдаагаа засварлах сайн талтай байх.
     
  6. Үнэхээр намуудыг төлөвшүүлье гэж бодож байгаа бол би хувьдаа хатуу лист буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмждэг.
     
  7. Пропорционал тогтолцоогүйгээр бид намуудыг төлөвшүүлэх боломжгүй.
     
  8. Сонгогдох хэмжээний танигдсан, мөнгөтэй хүмүүсийг л намууд дахиад хайна.
     
  9. Улс төр гэдэг бол хувь хүний асуудал биш.
     
  10. Улс төрийн намуудын төрийн санхүүжилтийг шийдэхгүй л бол намууд санхүүжилтийн дутагдалтай, түүнийгээ гишүүдээсээ эсвэл том хандивлагчдаас авах, үгүй бол тендерийн хувь авах зэрэг олон янзын хувилбараар шийдвэрлэх гэж оролдож байгаа нь буцаад сонгох, сонгогдох эрхийн зөрчил болон хувирч байна.
"Улаанбаатар хотод 5-6 тойрог гаргаад, аймаг бүрт нэг тойрог гаргаад явбал үнэхээр шударга бус зүйл болно" 
 

Хөдөлмөрийн үндэсний намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл:

  1.  Өнөөдрийн өргөн баригдсан хувилбар жижиг мажоритар системээс илүү давуу талыг үүсгэнэ гэж харж байгаа. 

  2. Өмнө нь яригдаж байсан 50, 26 хувилбарыг бид мөн дэмжиж байсан. Ерөнхийдөө бид парламентын ардчиллыг дэмжиж байгаа. Тэр утгаараа ардчилсан нийгмээ хамгаалъя гэвэл холимог тогтолцоо зайлшгүй шаардлагатай.

  3. 76 жижиг тойрог дээр санал хураалт хураавал зардал мөнгөнөөс эхлээд бусармаг байдлаар ялах тохиолдол гарч болзошгүй. Томсгосон тойрог дээр харьцангуй энэ байдал багасна.

  4. Томсгосон тойрог дээр шинээр гарч ирж байгаа улс төрч сонгогчдод өөрийгөө таниулах хэрэгтэй. Томсгосон хэлбэрээр явах учраас хугацаа шаардлагатай мөн зардал нэмэгдэнэ. Жижиг тойрогт 18,000 сонгогчтой гэж үзвэл ердөө 5,000 сонгогчтой уулзаж амждаг байсан бол одоо томсгосон тойрог дээр илүү олон сонгогчтой болно. Тийм учраас хугацаа хэрэгтэй, мөн зардлыг бууруулсан нийлмэл цогц төслийг оруулж ирэх хэрэгтэй.

  5. Хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод жишээ нь 5-6 тойрог гаргаад, аймаг бүрт нэг тойрог гаргаад явбал үнэхээр шударга бус зүйл болно. Тойргийн тоо, хүн амын тоонд маш их анхаарах хэрэгтэй.

  6. Манай улсад түвшин бүрт эмэгтэйчүүдийн оролцоо хангагдаж чадахгүй байгаа. Үүний нэг шалтгаан нь сонгуулийн системтэй холбоотой.

  7. Том намууд боломжит нэр дэвшүүлэх эмэгтэй олдохгүй байна гэж байна. Энэ бодит байдал дээр өрөөсгөл.

  8. Шийдвэр гарах нөхцөлд эмэгтэйчүүд зайлшгүй байх хэрэгтэй.

  9. Эмэгтэйчүүдийн квотыг өндөрсгөе, дэмжье гэсэн байр суурьтай байна.

  10. Өмнөх сонгууль дээр сурталчилгааны зардлын тааз тогтоож өгсөн ч бодит байдал дээр ил далд янз бүрийн зүйл болдог.

  11. Зарлагыг жигд, эрх тэгш байлгах хэрэгтэй.

  12. Одоо хөдөө орон нутагт урлагийн тоглолтууд явж байна, түүгээр ч зогсохгүй хотод хүртэл бэлэг тараах гэх мэтээр сурталчилгаа хийгдэж байна.

"2008 оны сонгууль томсгосон тойргоор явагдаж долдугаар сарын 1-ний үйл явдал болж байсан" 
 

Хуульч Ж.Эрхэмбаатар :

  1. Өмнө нь өргөн барьсан 50, 26 гэдэг хувилбар бол намд санал нэгтгэгдээд намын төлөөлөл орж ирдэг хувилбар байсан.

  2. Эрх баригчдын өнөөдөр гаргасан шийдвэр болон олон мандаттай том тойргоор явуулах асуудал бол шинэ зүйл биш. 2008 онд туршигдсан зүйл. 2008 оны сонгуулийн дараа нэг харамсалтай тохиолдол болсон нь 7-р сарын 1-н буюу сонгуулийн үр дүнг олон намууд эсэргүүцэж эхэлсэн. Яагаад ийм үр дүнд хүрснийг зарим судлаач сонгуулийн тогтолцоотой холбон тайлбарладаг.

  3. 2008 онд нэг тойргийн сонгогч 3 саналын эрхтэй орсон. Тухайн үед илүү санал дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болдог. Дутуу дугуйлсан бол өгсөн саналыг нь тоолоод явчихдаг байсан.

  4. 2008 оны сонгуулиас харахад 3 дахь санал авч сонгогдож байгаа гишүүн бага төлөөллөөр сонгогддог гэдэг шүүмжлэл гарсан. Үүний үр дүнд 60-70 хувь нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан гашуун туршлага бий.

  5. Тиймээс иргэд аль ч тохиолдолд оногдсон мандатынхаа сонголтыг хийх ёстой. Учир нь 3 сонголт хийх ёстойгоос тухайн иргэн 1-ийг сонгоод, 2 сонголтыг хийгээгүй үлдээлээ гэж бодоход тухайн дэмжсэн нэр дэвшигчээс нь "2 санал хасагдана" буюу хүчингүй болно гэсэн заалт одоогийн төсөлд яригдаж байна.

  6. Энэ тогтолцооны эерэг болон сул талууд байна.

  7. Сонгуулийн тогтолцооны эцсийн зорилго нийгмийн төлөөллийг хууль тогтоох байгууллагад орж ирэхэд зориулагддаг бол өнөөдөр өргөн барьсан хувилбарыг хамгийн муу хэлбэр гэж харж байгаа.

  8.  Өргөн баригдсан төсөл дээр сонгуулийн сурталчилгааны хугацааг 22 өдрөөр тусгасан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч үнэмлэхээ гар дээрээ авсан мөчөөс сурталчилгааны хугацаа эхэлнэ. 22 өдрийг 2016 оны сонгуультай харьцуулж үзвэл 4 өдөр нэмэгдсэн.

  9. Нэр дэвшигч сонгуульд оролцох материалаа бүрдүүлэх хугацаа 45 хоног байгаа.

  10. Сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгах нь зардал нэмэх, сонгогчдыг залхаах гээд сөрөг тал байгаа боловч нөгөө талаас иргэд саналаа өгөхийн тулд мэдээлэлтэй байх ёстой.

  11. Иргэд сонгох эрхээ бүрэн эдлэхийн тулд тухайн нэр дэвшигчийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх ёстой.

  12. Сонгуулийн гол зорилго бол нэг гараанаас тэгш өрсөлдөх бололцоотой байх ёстой. Энэ бололцоог одоогийн хуулийн төсөл дээр тусгаагүй гэж би харж байгаа.

Нэвтрүүлгийн давталтын дугаар Монгол ТВ телевизээр Ням гарагийн 15.30 цагаас гарна. Мөн онлайнаар ORI.mn сайтаас үзэх боломжтой.