Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Удаа дараа осол гарсан "Эко Алтан Заамар" компанид хатуу арга хэмжээ авна

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

- Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэзээ ширээний ард суух вэ?

- Оюутолгой бол манай эдийн засгийн ачааны хүндийг үүрч байгаа төсөл. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил миний төсөөлснөөс хурдан явж байгаатай танилцаад ирсэн. Энд 14,000 мэргэжлийн монгол залуу ажиллаж байна. Бид хүний нөөцтэй капитал бүрдүүлж байгаа.

Тийм учраас Оюутолгой төслийг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх чиглэлээр шахаж шаардан ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч УИХ-аас гаргасан шийдвэрт нааштай байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ нь бусад салбарт орж ирэх гадны хөрөнгө оруулагчдад ч эерэг мессеж болон очиж байгаа.

УИХ-аас гаргасан тодорхой чиглэлүүдийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа явж, ширээний ард суух бэлтгэлээ хангаж байгаа. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга ахалж, Сангийн сайд, Эрчим хүчний сайд, миний бие ороод ажиллах байх гэсэн ерөнхий ойлголттой байна. Албан ёсоор ажлын хэсэг байгуулагдсаны дараа мэдээлэл өгнө.

- Сайжруулсан түлшний түүхий эд болон мидлингийн нөөц хангалттай байгаа юу, дуусаж байгаа гэх албан бус мэдээлэл байна?

- Сайжруулсан түлшний түүхий эд дуусахгүй. Хангалттай байгаа. Түлшний үйлдвэрлэл үргэлжилнэ. Харин ч үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярих хэрэгтэй байх.

- Хариуцлагатай уул уурхайг бий болгох ажлын хүрээнд салбарын яамнаас ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ, удаа дараа осол гарсан, ажилчид нь гэмтсэн, амь насаа алдсан гэх мэтэд ямар хариуцлага тооцох вэ?

- Технологийн горим алдах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй гээд олон шалтгааны улмаас осол гарах нөхцөл бүрдэж байгаа. ААН-үүдийн зүгээс үүн дээр хяналтаа сайжруулах ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх ёстой.

Удаа дараа осол гарсан "Эко алтан заамар" компанид хатуу арга хэмжээ авах асуудлыг сайдын зөвлөлийн хурал дээр ярьсан. Энэ арга хэмжээг ойрын хугацаанд авахаар болоод байгаа.