Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Индра: Авто замын бүтээн байгуулалтын олон төсөл, хөтөлбөр зогсох магадлалтай

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийн тухай асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж батлаад байлаа. Харин одоо цуцлах эсэхийг хэлэлцэх гэж байна. Ингэснээр төлөвлөсөн ажлуудад ямар өөрчлөлт орох вэ?

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл оролцдог. Эдгээрийн зорчих авто замын аюулгүй байдлыг хангахаар олон ажлууд төлөвлөөд байлаа. Тухайлбал их, дээд сургуулиудын орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд, гэрэлтүүлэг, зам дагасан ус зайлуулах шугам хийх зэрэг олон ажил төлөвлөсөн нь зогсох магадлалтай.

Мөн энэ онд төлөвлөөд байсан чухал нэг ажил нь Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын дунд 60 гаруй км үргэлжлэх дугуйн замыг хийхээр төлөвлөсөн ч хийгдэхгүй болох нөхцөл үүслээ. Уг нь дугуйн замыг зориулалтын өнгө хучилттай, стандартад нийцсэн замыг төлөвлөөд байв. 

-Энэ онд Улсын төсвөөс замын санд 50 тэрбум төгрөг төвлөрүүлсэн юм биш үү. Тэр мөнгөөрөө дээрх арга хэмжээ, төсөл хөтөлбөрөө яагаад хийж болохгүй гэж?

-Улсын төсвөөс 50 тэрбум төгрөг төлөвлөж байсан удаагүй. Харин Улсын төсөвт 35-аас доош тэрбумыг батлахыг хуулиар хориглодог тул 35-36 тэрбумыг төлөвлөдөг. Авч хэрэгжүүлэх арга хэмжээнд энэ мөнгө хүрдэггүй. Шинээр зам тавих бүрт гэрэл зохио, ус зайлуулах шугам, цахилгааны кабль, тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг үйл ажиллагаанд тал тал руугаа хуваагддаг.

Хийхээс аргагүй олон зүйл байдаг. Түүнд мөнгө хүрэхгүй байгаа тул зам ашиглалтын төлбөрийг нэмэгдүүлэхээр болоод байлаа. 

-Налайхын замд 50 км/цаг гэж хурдны хязгаарыг тогтоож, жолооч нарыг торгож байгаа асуудал байна?

-Налайхын зам бүрэн ашиглалтад орж дуусаагүй. Гэрээт хугацаагаар ирэх онд ашиглалтад орох ёстой байсан. Дуусаагүй зам учраас технологийн горимыг алдагдуулахгүй байх ёстой. Өнгө хучилт хийгдсэний дараагаар 50 км/цаг гэж тогтоосон хурдны хязгаарыг өөрчилнө. 

Мөн ирэх онд Налайхын замд явган хүний гүүрэн 5 гарц барина. Одоогоор явган зорчигчид зам хөндлөн гарч байгаа учир хурдтай яваа авто машин явж тоормослоход бүрэн зогсоход хурднаасаа хамаарч зай нь харилцан адилгүй. Тиймээс том төслийг бүрэн гүйцээх хүртэл иргэд хүлээцтэй байгаасай гэж хүсэж байна.

Б.Отгонсүх: Өдөрт 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замыг ашиглаж болно гэсэн санал байсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх 

"Улаанбаатар хотод нийт 1,100 км үргэлжлэх хатуу хучилттай авто зам бий. Нийслэлийн авто замын төсөвт 40-өөд тэрбум төгрөг бүрддэг. Энэ мөнгөөр 30-40 хувийг нь засах боломжтой. Авто зам ашигласны төлбөрийг нэмсэнээр өдөрт 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замыг ашиглаж болно гэсэн санал байсан.

Иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Тэгвэл нэг жилийн настай замыг халъя, баруун болон зүүн 4 замын хоёр түвшинд огтлолцуулдаг болъё гэж бодож энэ саналыг өргөн барьсан.

Сонгууль дөхсөн байна, цэвэр улс төржилт гэж харж байгаа. Хэрвээ өнгөрсөн жил энэ саналыг гаргасан бол хэн ч ингэхгүй байсан байх. Иргэд сайхан замаар зорчих боломжтой байлаа, тэр бүтэхгүй нь гэж хариуцлагатайгаар хэлье. 

2020 онд баригдах зам бүрт, ус зайлуулах шугам, зам дагасан ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг олон ажлыг хийж чадахгүй нь. Энэ бүгд улстөржилтөөс болоод хийж чадахгүйд хүрлээ" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.