Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ хориг тавибал цэргийн баазыг нь хаана гэж Туркийн ерөнхийлөгч сүрдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас зэвсэг худалдаж авсных нь төлөө эдийн засгийн хориг тавибал өөрийн газар нутаг дээрх АНУ болон NATO-гийн хоёр чухал цэргийн баазыг хаана гэж Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган сүрдүүлжээ.

Тэрээр Ням гарагт Туркийн телевизийн сувагт ярилцлага өгөхдөө ингэж ярьсан байна.

“Хэрвээ шаардлагатай бол бид Инжирлик, Курежикийн баазуудыг хааж чадна” гэж Эрдоган мэдэгджээ. Инжирлик дэх агаарын баазыг АНУ болон NATO олон арван жилийн турш ашиглаж байгаа.

Харин Курежикт NATO-гийн радарын томоохон станц байрладаг юм.

2016 онд гарсан төрийн эргэлт хийх оролдлогоос хойш Америк, Туркийн харилцаа муудаад байгаа. Уг эргэлтийг АНУ-д цагаачлан амьдарч байгаа шашны зүтгэлтэн Фетуллах Гюленийг зохион байгуулсан гэж Анкарагийн эрх баригчид үздэг. Гэвч АНУ-ын тал Гюленийг шилжүүлж өгөх хүсэлтийг нь биелүүлэхгүй байгаа юм.

Дараа нь Туркийн засгийн газар ОХУ-аас С400 агаарын довтолгооноос хамгаалах системийг худалдаж авсан нь харилцааг улам муутгажээ. Уг системийг Туркийн тал авсан нь АНУ-ын F35 сөнөөгч онгоцонд аюул учруулж байна гэж Вашингтон үздэг.

Улмаар аравдугаар сард Туркийн цэрэг Сирийн хойд нутагт нэвтэрч, АНУ-ын холбоотон Курдийн зэвсэгт бүлэглэлийн эсрэг байлдааны ажиллагаа явуулсан нь Бүгд Найрамдах болон Ардчилсан Намын аль алиных нь конгрессын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Өнгөрсөн долоо хоногт сенатын байнгын хороо С400 систем худалдаж авсных нь төлөө Турк улсын эсрэг хориг тавих хуулийн төслийг дэмжсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп харин Эрдоганыг шууд шүүмжлэхээс зайлсхийж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters