Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшүүлэх эсэх яригдаж байгаа"

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. 

-2020 оны УИХ-ын сонгуулийг 50+26 гэдэг хувилбараар явуулах хуулийн төслийг өргөн барьснаар яг одоо хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ хувилбарыг сонгох болсон шалтгаан юу байв?

-Ажлын хэсэг УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Их хуралд өргөн бариад хэлэлцэгдэж байна. Өмнө нь УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байсан. Гурван өөр сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь учир дутагдалтай, хүндрэлтэй байна гэж сонгуулийн төв байгууллага санал гаргасан. Энэ дагуу гурван тусдаа хууль болгон Их хуралд оруулж ирээд байна. 

Энэ дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль нийгмийн анхаарлыг ихээхэн татаж, хэлэлцүүлэг өрнөж байна л даа. Сонгуулийн тогтолцооны асуудал нь сонгуулийн хуулийн амин чухал зүйл байдаг. Гэхдээ сонгуулийн хууль хэлэлцэх хүрээнд аль нэг улс төрийн хүчин сонгогдоно, сонгогдохгүй гэдэг ч юм уу эсвэл аль нэг улстөрчийн эрх ашгийг ярихаасаа түрүүлээд сонгогчдын эрх ашиг хэр хангагдах вэ, яавал санал нь гээгдэхгүй байх вэ гэдэг дээр сонгуулийн хууль анхаарсан байх ёстой. 

Гэтэл бид энэ нь манай намд ашиггүй, ингэвэл би нэр дэвшээд гарахгүй байх юм биш биз, энэ удаагийн сонгуулийн хууль надад ашигтай гэдэг байдлаар хандаж, түүнд нь сонгогчид автчих гээд байдаг. Зүй нь сонгогчдын эрх ашгийг л чухалчилж үзэх ёстой юм. 

Тийм учраас өнөөдрийн түвшинд 50:26 буюу жижиг болон том мажоритар гэдэг тогтолцоогоор сонгууль явуулах нь эерэг болон сөрөг талыг агуулсан  тогтолцоо юм байна гэж харж өргөн барьсан. Нэг ёсондоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд явуулсан долоон сонгуулийг харахад тогтолцооны янз бүрийн хувилбарыг хэрэглэж байсан. Пропорционалиар сонгууль явуулах үед нэр дэвшигчид намын нэрээр сонгуульд оролцож, энэ нь Үндсэн хууль зөрчиж, намын нэрийн ард нуугдаж орж ирэх боломж олгож байна гэдэг шүүмжлэл дагуулсан. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр ч тэр, Сонгуулийн тухай хууль дээр ч тэр хүнийг сонгодог системийг авъя гэдэг хатуу байр суурин дээр байгаа. Одоо өргөн бариад буй Сонгуулийн тухай хууль ч гэсэн мажоритарын нэг хэлбэр нь юм. 

Нөгөө талдаа 76 тойрог буюу жижиг мажоритараар сонгууль явуулахаар хоёр шүүмжлэл дагадаг. Нэгдэх нь, нэр дэвшигч тухайн тойргийн асуудалдаа л анхаараад улс орны бодлогын асуудлыг орхигдуулж байна. Хязгаарлагдмал төсвийн нөөцийг тойрог руугаа чиглүүлдэг. Улсын төсвийг үр ашиггүй зарцуулдаг гэж шүүмжилдэг.  

Хоёр дахь нь, жижиг 76 мажоритараар сонгууль явуулсан тохиолдолд сонгогчийн санал гээгддэг. Сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан нам хүртэл парламентад нэг суудалтай болох магадлалтай. Тийм учраас аль аль талыг харгалзан үзээд томсгосон мажоритар системээр сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн. 

Энэ тогтолцоог сонгох болсон өөр нэг шалтгаан нь сонголтгүй сонгууль болчих гээд байна гэдэг шүүмжлэл гаргах болсонтой холбоотой. Улс төрийн намууд тухайн тойрогт нэг нэг хүн дэвшүүлдэг. Гэвч сүүлийн үед ихэнх нэр дэвшигчид сонгогчдод таалагдахаа больсон. Таалагдахгүй учраас иргэд сонгуульд оролцдоггүй. Ингээд сонгуулийн ирц жилээс жилд буурсаар байгаа. Тийм учраас сонгогч улсын хэмжээнд нэр дэвшиж байгаа хүмүүсээс сонгох эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, өөрийн тойрогт нэр дэвшиж байгаа хүнээс гадна ойролцоогоор тооцоход 260 хүнээс сонголт хийх давуу талыг үүсгэж байгаа юм. Гэхдээ үүнийг парламент хараахан шийдээгүй байна. Ямар шийдвэр гаргах нь парламентын бүрэн эрхийн асуудал. 

-Жагсаалтад бичигдсэн 26 хүний нийт авсан саналыг хувь тэнцүүлэн тооцож намд суудал хуваарилна гэж ойлгоод байгаа. Та үүнийг тайлбарлаж өгөөч. 

-Улс төрийн намууд тус бүрдээ 26 хүн нэр дэвшүүлнэ. Тухайн 26 хүний хамгийн өндөр болон бага санал авсан хүний саналыг нэмээд тэр намын авсан санал гэж үзнэ. Жишээ нь аль нэг улс төрийн хүчин сонгогчдын 50 хувийн саналыг авсан гэж бодъё. Тэгвэл тухайн нам 26-ийн тал буюу 13 нэр дэвшигчийг Их хуралд оруулна гэсэн үг. 

-Энэ тэгэхээр хувь тэнцүүлсэн буюу пропорциональ систем биш гэж үү?

-Биш. Дээр жишээ авсанчлан сонгогчдын тал хувийн саналыг авсан 13 нэр дэвшигчийг нам сонгож байгаа юм биш. Энд намын оролцоо байхгүй. Нам зөвхөн дэвшүүлж байгаа болохоос иргэд эрэмбэлнэ. Тухайн хүн 20 дээр эрэмбэлэгдэж болно. Гэтэл сонгогчдын саналаар жагсаалтын эхний 2-т гаргаад ирвэл шууд гишүүн боллоо гэсэн үг. 

Харин өмнө нь хүнийг биш намыг дугуйлж байсан. Улс төрийн нам өөрт оногдсон суудалдаа дотооддоо ярилцаж байгаад хэнийгээ ч хамаагүй дэвшүүлээд оруулдаг байсан. 

-Жагсаалтын 26-д ямар хүмүүсийн нэр бичигдэх бол гэдэг анхаарал татсан сэдэв. Танай намын тухайд лидерүүд гэгддэг ахмад гишүүдээ жагсаалт руу оруулах гэж энэ хувилбарыг сонгосон гэж үзэх хүмүүс байгаа.  

-Үүнийг намын бага хурлаар шийднэ. Лидерүүдээ оруулах оруулахгүй нь намын бодлогын асуудал. Үүнийг одоо хэлэхэд хэцүү. 

Ер нь бол ард түмнээс санал авах хүмүүсийг л жагсаалтад оруулна. Ард түмнээр дугуйлуулж байгаа учраас. Түүнээс биш намд олон жил явсан, эсвэл миний найз гэдэг үүднээс хандаж, жагсаалтад оруулбал тэр нам суудал авч чадахгүй. Аль ч улс төрийн хүчин сонгуульд ялъя гэж оролцож байгаа учраас жагсаалтад ахмадуудаа эсвэл хэрэг төвөгт холбогдсон хүмүүсээ оруулбал энэ зорилгодоо хүрч чадахгүй. Тийм тэнэг юм хийдэг намын дарга ч гэж юу байхав. 

-Сонгуулийн тогтолцооны хувилбар яригдаж эхэлснээс хойш ихэвчлэн залуу гишүүд 50+26 хувилбарыг эсэргүүцэж байгаа нь ажиглагдсан. Хэдийгээр намын Удирдах зөвлөлөөс энэ хувилбарыг дэмжсэн ч бүлэг дотроо ойлголцолд хүрч чадаагүй байна гэж ойлгогдоод байгаа? 

-Бүлгээс шийдвэр гаргаагүй байна. Энэ долоо хоногт шийдвэрээ гаргаад, хэлэлцүүлгүүд явуулна. Аливаа хуулийн төсөл батлахад хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө бүлгийн шийдвэр гардаг. Түүгээрээ л явна. 

-Энэ удаагийн сонгуулийн хуульд шүүхээс ял шийтгүүлээд түүнийгээ эдэлж дуусгасан хүн нэр дэвшиж болно гэдэг агуулгатай заалт оруулсан гэсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу? 

-Шинэ Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэж байсныг болиулсан. Өөрөөр хэлбэл, тодорхой хугацаанд ялтайд тооцох, эрүүгийн хэрэг хүлээлгэж байгаа гэж үзэхээргүй болсон гэдэг томъёоллоор оруулж ирсэн. Энэ дээр шинэ Эрүүгийн хуулийн тайлбарыг нарийвчилж оруулж өгөх байх. 

Харин авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлж байсан хүмүүсийг нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа. Төрийн албаны тухай хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг төрийн албанд орохыг хориглосон. Энэ асуудал УИХ-д нэр дэвшигчдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчих үү, үгүй юу гэдгийг судалж байна. 

-Нэр дэвшигчид сэтгэцийн хувьд эрүүл байх гэдэг шаардлагыг тавьж байгаа тухай байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан?  

-Нэр дэвшигчийн сэтгэцийн эмгэгийг шалгуулах асуудал энэ хуулийн төсөлд орсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүнд тавигддаг шаардлагын нэг. Мөн Төрийн албаны тухай хуульд ч байгаа. Тэр заалтыг л хуулийн төсөлд оруулсан. Хуульд оруулах эсэх нь хэлэлцүүлгийн үеэр шийдэгдэнэ.  

-Эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар заасан. Үүнийг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Өмнөх Сонгуулийн тухай хуульд 20 хувь гэж байгаа. Өнөөдөр ч энэ хэвээрээ байна. Аль нэгэн хүйсийн харьцаа 20 хувиас доошгүй байна гэж заасан. 

Уг нь бол 30, 40 хувь хүртэл нэр дэвших эрх нь нээлттэй шүү дээ. Манай эмэгтэйчүүд боловсролтой, амбицтай, төр нийгмийн ажил хийе гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон учраас намууд илүү олон хувиар дэвшүүлэх байх. Заавал квот авч, эмэгтэй хүн нэр дэвших шаардлага энэ нийгэмд байхгүй болсон гэж бодож байна

-Сошиал хэрэглээтэй холбоотой заалтууд шинээр орж байгаа. Энэ талаар? 

-Энэ бол сонгогчийн эрх ашигтай холбоотой асуудал юм. Сонгогчийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгийн нөлөө битгий байгаасай гэдэг зүйл сонгуулийн хуулиас гол хардаг өнцөг. Ялангуяа мөнгөний нөлөөлөл. 

Мөнгөний нөлөөллийг сонгуульд аль болох бага байлгахын тулд бид нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сонгогчдыг татах зорилготой арга хэмжээ хийхийг хориглохоос эхлээд янз бүрийн хязгаарлалтуудыг сүүлийн хоёр удаагийн сонгуулийн хуульд оруулсан. Үүнийг сүүлийн гурван сонгуульд хатуу мөрдөж байна. 

Яг үүнтэй адил тухайн сонгогч сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд сошиал орчноор дамжуулан тэр хүний эрхэнд халдаж болохгүй. Тухайлбал, нэр дэвших гэж байгаа хүнийг нэр, хаяггүй цахим хаягнаас гүтгэх нь тухайн хүний эрхэнд халдаж байна гэсэн үг

Хоёрдугаарт, сонголтоо хийх гэж байгаа иргэнд буруу мэдээлэл өгч, сонголтод нь нөлөөлж болохгүй. Энэ зөвхөн манайд яригдаж байгаа зүйл биш. Дэлхий нийтээрээ ярьж тодорхой хязгаарлалтуудыг хийж байгаа. Гэхдээ ингэж хязгаарлахдаа иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаан боогдуулж болохгүй. Тиймээс сонгогч өөрийн албан ёсны сошиал хаягаар үзэл бодлоо яаж ч илэрхийлж болно. Эргээд буух эзэнтэй учраас. Харин эзэнгүй хаягнаас улс төрийн зорилгоор хүний нэр төрд халдахыг хязгаарлаж байгаа. 

-Энэ хуулиар шинэ нам болон залуучуудад ямар боломж олгож байгаа вэ?

-Сонгуулийн хуулиар хэнд ч давуу байдал олгож болохгүй. Шинэ байна уу хуучин байна уу, эмэгтэй байна уу эрэгтэй байна уу, хэн нэгэнд давуу байдлыг Сонгуулийн хуулиар олгож болохгүй. Тийм учраас бүгд тэгш эрхтэй, нэг гараанаас гарах боломжийг хангах ёстой. Тэгж байж иргэдийн төрд өөрийгөө төлөөлүүлэх хүнээ сонгох эрх нь бүрэн хангагддаг. 

Мөн энэ хуульд шинэ улс төрийн нам болон залуучуудыг хаан боогдуулсан заалт ороогүй

-Сонгуулийн зардал, сурталчилгааны зардлын хэмжээ зэргийн хэрхэн заасан юм бол? 

-Сонгуулийн зардлын асуудлыг өмнөх хуульд байснаар нь энэ төсөлд өргөн барьсан. Зарим улс төрийн хүчнээс хувь хүнийг болон хуулийн этгээдийн өгдөг хандивын хэмжээг нэмэгдүүлье гэдэг санал гаргаж байгаа. Одоогийн хуульд хувь хүн гурав хүртэл сая төгрөг, хуулийн этгээд 15 сая төгрөг хандивлаж болно гэсэн заалттай. Сонгуультай холбоотой зардалд аудит оруулдаг. Энэ заалт хэвээрээ байгаа. 

-Сонгуульд маш их хөрөнгө зарцуулж байна гэдэг шүүмжлэл бий. Гэтэл хандивыг нэмэх санал яригдаж байгаа нь хэр зүй ёсны асуудал бол юм?

-Тухайн тойрогт ямар хэмжээний зардал гарах вэ гэдгийг СЕХ зарладаг. Тэр хүрээнд сонгуулийн зардлаа тооцоод явдаг. Тайлан тооцоогоо холбогдох байгууллагуудад гаргаж өгдөг. 

Сонгуулийг аль болох хөрөнгө мөнгө, зардал багатай явуулах тал руу анхаарах ёстой. Тэр чиглэл рүү зарим заалт оруулж байгаа. 

-Тухайлбал?

-Тухайлбал, зарим сурталчилгааны зардлыг арай багасгасан. 

-Сонгуульд нэр дэвших гэж байгаа хүмүүс сонгуулийн жил эхлэхэд буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш сонин, сэтгүүл тараавал сонгуулийн хууль зөрчсөнд тооцогдоно гэдэг мэдээлэл байсан. Үүнийг тодруулахгүй? 

-Өмнөх сонгуулиар ард иргэдийн саналыг авч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч нар дөрвөн жилийн ажлын тайлангаа тавих нь нээлттэй. Өмнө нь нээлттэй байсан. Одоогийн хуулийн төсөлд ч нээлттэй байгаа. 

Харин шинэ нэр дэвшигч буюу сонгуульд нэр дэвшихийг горилж байгаа хүмүүс сонгуулийн сурталчилгааг ямар нэгэн байдлаар ил болон далд хийх нь хуулиар хориотой. 

-Энэ нь УИХ-ын гишүүд болон улс төрийн албан тушаалтнуудад давуу байдал олгож байгаа хэлбэр биш гэж үү?

-Өмнөх сонгуулийн хуулиудад энэ заалт байгаа шүү дээ. 

Ер нь сонгуулийн хуулийг илүү сайжруулж, шилжилт хөдөлгөөн, сурталчилгаатай холбоотой шүүх дээр очиж байсан асуудлуудыг авч үзэж, хий багатай хууль гаргахыг л зорьж байгаа. Сонгуулийн хуулийг өөртөө юм уу, хэсэг бүлэгт зориулж гаргавал сөрөг үр дагавар авчирдаг учраас хэзээ ч тэр тал руу явахгүй.