Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: Улсаас мөнгө хулгайлах нь мал хулгайлахаас 2-3 дахин хөнгөн шийтгэлтэй байна

ikon.mn
2019 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

"Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн Даваа гарагийн дугаараар "Монголчууд авлигаас ангижирч чадах уу?" сэдвээрх хэлэлцүүлэг хийлээ.

Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлээс хүргэж байна.

Бид хэргийг шалгаад өөрсдөө шийдвэр гаргадаг байсан бол өөр нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй
 

АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн

  1. АТГ зөвхөн мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, прокурорын хяналтан дор хэргийг прокурорт шилжүүлээд, цаашид шүүхэд шилжүүлэх саналтай юу, ямар саналтай вэ гэдгээсээ хамаараад манай хяналтаас бүрэн гардаг. Бид хэргийг шалгаад өөрсдөө шийдвэр гаргадаг байсан бол өөр нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй.

  2. АТГ хийх ёстой ажлуудаа хуулийн хугацаанд бүгдийг нь хийж, холбогдох байгууллагуудад хуулийн дагуу хэргийг шилжүүлж байгаа.

  3. ЖДҮ-тэй холбоотой хэргүүдийг АТГ шалгаад эхний хэргүүдийг шүүх, прокурорт шилжүүлсэн.  ЖДҮ-тэй холбоотой асуудалд АТГ хийх ёстой ажлуудаа хийсэн.

  4. АТГ бол хараат бус бие даасан байгууллага. Удирдлагуудыг УИХ-аас томилж, төсвийг баталдаг учраас тэднээс хараат гэж ойлгож байж магадгүй юм. Энэ тийм биш.

  5. АТГ хуулийн дагуу, өөрт олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа учир хэн нэгэн албан тушаалтан, хэн нэгний заавраар хөдөлдөг байгууллага биш.

  6. Хууль эрх зүйн орчны хувьд эргэж харах ёстой зүйлс байна. НҮБ-ын авлигын эсрэг конвенцид заасан зарим суурь гэмт хэрэгт тооцох ёстой гэмт хэргүүдийг Эрүүгийн хуульдаа одоо болтол оруулж чадаагүй асуудлууд байна.

Төрийн үйлчилгээний түвшинд авлигын цар хүрээ харьцангуй хумигдсан
 

Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх

  1. Азийн сан, Сант марал сантай хамтран 2006 оноос хойш авлигын төсөөллийн судалгааг хийж байна. 2006 онд судалгаанд оролцсон хүмүүсийн 80-90 хувь нь авлига хавтгайрсан гэсэн ойлголттой байсан бол 13 жилийн дараа буюу одоо ч энэ ойлголт хэвээрээ байна.

  2. Өрхийн түвшинд гарч байгаа жижиг авлигын хэмжээ 2006 оны байдлаар авч үзвэл 1,000 хүний 300 хүн нь сүүлийн 3 сар авлигын ямар нэгэн нөхцөл байдалтай нүүр тулсан, хээл хахууль өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ байдал өнөөдөр 4 орчим хувиар буурсан. Тэгэхээр АТГ байгуулагдсанаар үр дүнд хүрээгүй гэж хэлж болохгүй, тодорхой хэмжээгээр үр дүн гарсан.

  3. Төрийн үйлчилгээний түвшинд авлигын цар хүрээ харьцангуй хумигдсан.

  4. Судалгаанд оролцож байгаа хүмүүсийн 80 хувь нь авлигын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаас авдаг гэж хариулсан.

  5. 2018 онд манайхаас хууль шүүхийн салбарт судалгаа явуулсан. Үүнд 900 гаруй хуульч, хуулийн байгууллагуудаас үйлчилгээ авсан 1,000 гаруй иргэдийг хамруулсан. Энэ дүнгээс харахад, хуульчид өөрсдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөө их байна гэж хариулсан.

  6. Шүгэл үлээгчийг хамгаалах асуудал маш чухал байна.

ЖДҮ-тэй холбоотой болон өндөр түвшний авлигад холбогдсон УИХ-ын гишүүд улс төрчдийг сонгохгүй байх нь иргэдийн хамгийн чухал үүрэг
 

“Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр

  1. Авлигын индекс өндөр гарсан орнуудад ардчиллын институцууд, өөрөөр хэлбэл шүүх засаглал, аудитын байгууллага, СЕХ, улс төрийн нам, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм зэрэг хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь хүчирхэг байна. Харин 40-өөс бага оноо авсан байгууллагуудад ардчиллын институц сул байна. (Монгол Улс 37 оноотой байгаа)

  2. Манай байгууллага энэ онд АТГ-ын хөндлөнгийн үнэлгээг хийсэн. Үүнээс харахад АТГ-ын шүүх рүү шилжүүлсэн нийт гэмт хэргийн 24 хувьд нь ял оноосон байна. 76 хувийг нь прокурорууд буцаадаг, ял завших боломж олгож байгаа юм.

  3. Манай улсын авлигын индекс сүүлийн 7-8 жилд 35-37 оноон дээр хөдлөхгүй гацчихсан. Үүний нэг шалтгаан нь өндөр түвшний авлигыг шийдэхгүй байна. Мөн УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан байдлын хууль эрх зүйн орчин нь өөрөө авлигаас нуугдах халхавч бамбай болсон байна гэдэг дүгнэлт гарсан байгаа.

  4. ЖДҮ-тэй холбоотой болон өндөр түвшний авлигад холбогдсон УИХ-ын гишүүд улс төрчдийг сонгохгүй байх нь иргэдийн хамгийн чухал үүрэг.  Хоёрдугаарт энэ хүмүүст ял шийтгэл оногдуулах, завшсан мөнгө хөрөнгийг эргүүлэн төлүүлэх явдал.

  5. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад хамгийн нэн түрүүнд Улс төрийн намуудын хууль эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай.

  6. Авлигатай тэмцээд амжилт олсон улс орнуудад хэрэгжсэн чухал хуулиудын нэг бол шүгэл үлээгчийг хамгаалах хууль.

  7. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх нэг том шийдэл бол авлигын төрөлжсөн шүүх байгуулах явдал юм.

  8. Манай улсад авлигын гэмт хэргийг шийдэх хугацаа маш удаан, байлгаж байж байгаад хэрэгсэхгүй болгочихдог.

Улсаас мөнгө хулгайлах нь мал хулгайлахаас хөнгөн ял шийтгэлтэй байгаа
 

Хуульч Б.Энхбаяр

  1. Одоогийн Засгийн газар авлигатай тэмцэх ажилд зохих хэмжээний хүчин чармайлт гаргаж байгаа гэж би хэлнэ.

  2. Сүүлийн 2 жилийн хугацаанд 2 ч ерөнхий сайд, 10 орчим сайдад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. УИХ-ын зарим гишүүнд хэрэг үүсгэсэн байна.

  3. Авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл улс төрийн түвшинд зохих хэмжээнд байна. Зарим талаар байхгүй байна.

  4. ЖДҮ-ийн асуудлаар тодорхой алхам хийхгүй байна.

  5. Юун түрүүнд АТГ-ын удирдлагууд, Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүхийн шүүгчдийг хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын 3 нөхөр нийлж, дураараа халж сольдогийг хүчингүй болгох хэрэгтэй.

  6. Доороос нь эхлээд мөнгөө төлж байж чи явна, дээшлэх тусмаа их мөнгө төлнө гэдэг ийм системтэй улс төрийн тогтолцооноос эрүүл юм хүсээд хэрэггүй.

  7. Эрүү болон эрүүгийн процесс хуулиудад олон удаа хулгай хийж, хууль цавчсан энэ хүмүүсээс үтэр түргэн салах хэрэгтэй.

  8. Эрүүгийн хуулийг ялын бодлого талаас нь харвал албан тушаалын гэмт хэрэг, улсаас мөнгө хулгайлах нь мал хулгайлахаас хөнгөн ял шийтгэлтэй байгаа.

  9. 3 сая Монгол хүн авлига авч сонголт хийхээ больсон цагт авлига үгүй болно.

Нэвтрүүлгийн давталтын дугаарыг Монгол ТВ телевизээр Ням гарагт буюу өнөөдөр 15:30 цагт хүлээн авч үзэх боломжтой.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.