Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Хятадын талууд худалдааны дайныг завсарлах тохиролцоонд хүрснийг мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Америк-Хятадын худалдааны дайныг түр зогсоох “нэгдүгээр үе шат”-ны гэрээг байгуулахаар талууд тохиролцож чадсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Гэрээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурж, баталгаажуулах ажил үлдээд байгааг албаны хэд хэдэн эх сурвалж мэдээлснийг Блүүмбэрг агентлаг уламжилжээ.

Энэхүү гэрээний дагуу арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн мөрдөгдөх байсан Хятадын $160 тэрбумын бараанд оноох импортын татварыг хойшлуулж, өмнө нь оноогоод байгаа татваруудыг бууруулах юм байна.

Хятадын тал мөн энэ Ням гарагаас эхлэн АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 5-аас 10 хувийн импортын татвар оноохоор бэлдээд байгаа.

Хэрвээ Дональд Трамп “нэгдүгээр үе шат”-ны гэрээг баталбал Хятадын тал дээрх төлөвлөгөөгөө цуцлах, эсвэл хойшлуулж магадгүй юм.

Ням гарагаас эхлэн мөрдөгдөх АНУ-ын импортын татвар нь гар утас, зөөврийн компьютер зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд чиглэж байгаа тул Америкчуудын амьдралд шууд нөлөөлөхөөр байгаа.

Хэрвээ энэ татвар хэрэгжиж эхэлбэл Хятадаас АНУ-д нийлүүлдэг бүх бараа бүтээгдэхүүн импортын өндөр татвартай болох юм.

2020 оны сонгуулийн өрсөлдөөн эхэлж буй тул Трамп өөрийн иргэдийн нуруунд ачаа үүрүүлэх алхам хийхээс зайлсхийх ёстой гэж ажиглагчид үзэж байгаа.

Өмнө оноосон татварууд ч Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Тиймээс талуудын аль аль нь худалдааны дайныг гүнзгийрүүлэлгүй, зөвшилцөлд хүрэх эрмэлзлэлтэй байгаа юм.

“Нэгдүгээр үе шат”-ны гэрээнд АНУ-ын тал нэмж татвар оноохоо хойшлуулж, одоо үйлчилж байгаа татвараа 50 хувиар бууруулах, үүний хариуд Хятадын тал их хэмжээний хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаж авах үүрэг хүлээж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Хоёр орны хооронд байгаа бусад маргаантай асуудлууд, тухайлбал оюуны өмчийн хамгаалалт, зах зээлээ Америкийн компаниудад нээлттэй болгох зэргийг дараагийн шатны гэрээнд тусгахаар хойшлуулсан гэнэ.

 

Эх сурвалж: Bloomberg