Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеланд улс АНУ-аас 120 м.кв хэмжээтэй хүний арьс захиалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Шинэ Зеландын Уайт аралд галт уул дэлбэрснээс найман хүний амь үрэгдэж, найман хүн сураггүй болоод байна.

Тухайн өдөр арал дээр 47 жуулчин аялж байжээ. Аврагдсан хүмүүсийн дотор галт уулын халуун үнс нурманд арьс нь их хэмжээгээр түлэгдсэн олон хүн байгаа бөгөөд Шинэ Зеландын эмч нар тэдний амь насыг аврахаар тасралтгүй ажиллаж байна.

Өнөөдөр болсон хэвлэлийн хурал дээр эмч нарын ахлагч доктор Питер Уатсон хэлэхдээ эмчилгээнд шаардлагатай 120 м.кв хэмжээтэй арьсыг АНУ дахь арьсны банкнаас захиалсан тухай мэдээлжээ.

Уайт арал дээр хүн байнга амьдардаггүй ч жил бүр олон мянган жуулчин зочилдог юм. Шинэ Зеландын хойд арлын эргээс 50 км зайтай уг арал дээр тус улсын хамгийн идэвхтэй галт уул байдаг.

Галт уулын 70 хувь нь далайн усан дор байрладаг ажээ.

 

Галт уул дэлбэрэх үед арал дээр Австралийн 24, АНУ-ын 9, Шинэ Зеландын 5, Германы 4, Британийн 2, Хятадын 2, Малайзын нэг жуулчин байсныг тогтоосон юм.

Хөрш Австрали улс нь өөрийн зарим иргэдийг нисэх онгоцоор шилжүүлж авах ажлыг эхлүүлжээ. Шинэ Зеландын цагдаа үнс нурманд дарагдсан арлаас үлдсэн найман хүний цогцсыг авах хүнд хэцүү ажиллагааг маргааш буюу Баасан гарагт явуулахаар төлөвлөжээ. Арлын хөрс бүхэлдээ үнс нурмаар хучигдаж, “сарны гадаргуу” шиг болоод байгааг аврагчид ярьж байна.

 

Эх сурвалж: Associated Press