Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарт ажилллаж буй иргэдийн сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 118 мянган төгрөгөөр их"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн арваннэгдүгээр сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.

Танилцуулгын үеэр энэ оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 117.9 (10.1%) мянган төгрөгөөр их байгааг Үндэсний статистикийн газрын статистикч Н.Өлзийханд онцоллоо.

Статистикаас харвал ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:

  • Баруун бүсэд 795.7 мянган төгрөг
  • Зүүн бүсэд 877.1 мянган төгрөг
  • Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 159,900-370,700 (13.7%-31.8%) мянган төгрөгөөр бага байна.

График 1. ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин, бүсээр, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар, мянган төгрөгөөр

 
Эх сурвалж: ҮСХ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны гуравдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 685.4 мянган ажиллагчид хамрагджээ.

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 (4.6%) мянгаар, өмнөх улирлаас 47 (0.1%)-гоор өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 34.3 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 9.4 (1.4%) мянгаар тус тус нэмэгдсэн болохыг ч мөн хэлэв.

График 2. ААНБ-ын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар

 
Эх сурвалж: ҮСХ

Харин нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан 685.4 мянган ажиллагчдын

  • 67.7 (9.9%) мянга нь 320,000 төгрөг хүртэлх цалинтай
  • 93.1 (13.6%) мянга нь 320,001-500,000 төгрөгийн цалинтай
  • 209.7 (30.6%) мянга нь 500,001-900,000 төгрөгийн цалинтай
  • 150.8 (22.0%) мянга нь 900,001-1,300,000 төгрөгийн цалинтай
  • 41.6 (6.1%) мянга нь 1,300,001-1,500,000 төгрөгийн цалинтай
  • 122.5 (17.9%)мянга нь 1,500,001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Түүнчлэн ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.7 сая төгрөгийн цалинтай байгаа нь статистик мэдээллээр гарчээ.

Харин зочид буудал, байр, орон сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 747.9 мянган төгрөгийн цалинтай байгаа аж.

Нэмж сонирхуулахад, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдыг салбараар нь харвал боловсролын салбарынхан хамгийн их буюу 15.2 хувийг нь эзэлж байна.