Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгах үндэслэлүүдийг конгресс дахь Ардчилсан Намынхан танилцууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан Намынхан өчигдөр ерөнхийлөгч Дональд Трампыг шүүх (импичмэнт) үндэслэлүүдийг танилцуулжээ.

Одоо төлөөлөгчдийн танхим энэ асуудлаар санал хурааж, Трампын эсрэг импичмэнтийн ажиллагаа эхлүүлэх үгүйг шийдэх юм.

Ардчилсан намынхан албан тушаалаа буруугаар ашигласан, конгрессын шалгалтын үйл явцад саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр Дональд Трампыг буруутгажээ.

Тухайлбал өөрийн улс төрийн өрсөлдөгч Жо Байденыг шалгуулж, нэр хүндийг нь унагахын тулд Украин улсад АНУ-ын үзүүлэх байсан тусламжийг барьцаалж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийд шахалт үзүүлсэн нь албан тушаалаа буруугаар ашигласан хэрэг гэж дүгнэсэн байна.

Дэд ерөнхийлөгч асан Жо Байден нь Ардчилсан Намаас 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа юм.

Бас ийм хууль бус үйл ажиллагааг нь шалгах конгрессын үйл ажиллагаанд саад учруулж, баримтыг нуух, гэрчүүдээр мэдүүлэг өгүүлэхгүй байх үйлдэл хийсэн нь буруутгах бас нэг үндэслэл гэж дүгнэжээ.

Харин Дональд Трамп өөрийнх нь эсрэг импичмэнтийн ажиллагаа эхлүүлэх гэж байгааг эсэргүүцсээр байна. Өчигдөр өглөө тэрээр “АНУ-ын эдийн засаг ийм сайн үзүүлэлттэй байхад гэмгүй ерөнхийлөгчийг шүүх гэж байгаа нь цэвэр улс төрийн солиорол юм” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Долдугаар сарын 25-ны өдөр Трамп Зеленскийтэй утсаар ярихдаа хууль зөрчсөн байж болзошгүйг Цагаан ордны нэгэн албан тушаалтан хууль зүйн яаманд мэдээлснээр энэ асуудал анх сөхөгдсөн юм.

Улмаар есдүгээр сарын 24-ний өдөр Трампын эсрэг импичмэнтийн ажиллагаа явуулах эсэхийг шийдэх мөрдөн шалгах ажлыг төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси эхлүүлж байв.

Бүгд Найрамдах намынхан Трампыг утсаар ярихдаа буруу үйлдэл хийгээгүй, Украинд үзүүлэх $391 саяын зэр зэвсгийн тусламжийг барьцаалсан гэх шууд нотолгоо байхгүй гэж үзэж байгаа.

Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн байнгын хорооны дарга Жерролд Нэйдлер “Маш тодорхой баримтууд байгаа. Ардчилалд ямар аюул учруулсан нь тодорхой, бидний үүрэг ч тодорхой” гэж үндэслэлүүдээ танилцуулах үеэр мэдэгджээ.

АНУ-ын түүхэнд хоёр ерөнхийлөгч конгрессын өмнө шүүгдэж байсан түүхтэй. Тэдгээр нь Эндрью Жэксон, Билл Клинтон нар юм. Гэхдээ тэдгээр ерөнхийлөгч нар үүний үр дүнд албан тушаалаасаа огцорч байгаагүй аж.

Ерөнхийлөгч Ричард Никсоны эсрэг импичмэнтийн ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болоод байсан ч тэр өөрөө түрүүлж огцрох шийдвэр гаргаж байжээ.

Импичмэнт нь АНУ-ын ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг шийдэх конгрессын үйл ажиллагаа бөгөөд сүүлийн шатанд сенатын танхимын гуравны хоёр нь дэмжвэл ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулдаг юм.

 

Эх сурвалж: Reuters