Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хотын дарга асан Юрий Лужков 83 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын нийслэл Москва хотын хамгийн нөлөө бүхий дарга асан Юрий Лужков 83 насандаа таалал төгссөн тухай эрх сурвалжууд мэдээлжээ.

Тэрээр Москва хотыг бараг 20 орчим жил удирдахдаа олон тооны бүтээн байгуулалтын төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн гавьяатай гэгддэг. Бас авлигын дуулианд холбогдож, ОХУ-ын ерөнхийлөгч болох хүний нэгд тооцогддог байсан юм.

Москва хотын өнгө төрхийг өөрчлөх төслүүдэд хөрөнгө босгож, гүйцэтгэлийг нь долоо хоног бүр биечлэн шалгаж, асуудлуудыг нь түргэн шуурхай шийдвэрлэдэг байсан гэж хамтрагсад нь Лужковыг магтдаг.

Мөн Лужковыг хотын захирагч байх хугацаанд түүний эхнэр Елена Батурина барилгын бизнес эрхэлж, Оросын хамгийн баян эмэгтэй болсон нь хардлага, сэжиг дагуулдаг.

1999 онд Оросын хамгийн нөлөө бүхий улс төрч байсан түүнийг Борис Ельцинийг залгамжлах хүн гэж олон хүн үздэг байв. Гэвч эцэстээ Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч болж байжээ.

Путиныг ерөнхийлөгч болсны дараа Лужков дахин 10 жил Москва хотыг удирдсан ч 2010 онд тухайн үеийн ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй таарамжгүй байснаас ажлаа өгсөн юм.

Юрий Лужковт итгэл үзүүлэх боломжгүй болсон гэсэн шалтгаанаар Медведев түүнийг албан тушаалаас нь огцруулж байв. Сүүлийн жилүүдэд Лужков нам гүм амьдарч, үе үе одоогийн эрх баригчдыг шүүмжилсэн мэдэгдэл хийдэг байсан юм.

Лужков өчигдөр Германы Мюнхен хотод зүрхний хагалгаанд орж байхдаа нас баржээ. Москва хотын захирагч Сергей Собянин түүнийг “эрч хүчтэй, амьдралд хайртай хүн” байсныг дурсаад “Зөвлөлт Холбоот Улс задарсны дараах хүнд хэцүү цаг үед Москва хотын төлөө их зүйл хийсэн хүн” гэж магтжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эмгэнэлийн мэдэгдэлдээ Лужковыг “онцгой хувь хүн, хот байгуулалтын жинхэнэ мастер, зоригтой улс төрч, эрч хүчтэй, авьяаслаг удирдагч” байсныг магтсан байна.

 

 Эх сурвалж: Russia Today