Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн Roxette хамтлагийн дуучин Мэри Фредрикссон 61 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

1990-ээд оны үед “It must have been love” хитээрээ дэлхий дахинд алдаршиж байсан Шведийн Roxette хамтлагийн гоцлол дуучин Мэри Фредрикссон урт хугацааны турш хорт хавдартай тэмцсэний эцэст 61 насандаа таалал төгссөнийг өчигдөр менежэр нь мэдэгджээ.

Хоёр хүүхдийн эх тэрээр 2002 онд анх тархины хорт хавдартай болсноо зарлаж, уран бүтээлээ завсарлаж байв. Хэдэн жилийн дараа дахин тайзанд гарсан ч 2016 онд эмч нарын зөвлөснөөр аялан тоглолтоо зогсоож байжээ.

Roxette хамтлагийн нөгөө нэг гишүүн, гитарчин Пер Гессл “Хийсэн бүх зүйлд чинь баярлалаа Мэри. Чи бол гайхамшигтай уран бүтээлч, дуу хоолойны мастер байсан. Миний хар, цагаан дуунуудыг хамгийн гоё өнгөөр будаж өгдөг байсанд чинь баярлалаа” гэж эмгэнэлээ илэрхийлсэн байна.

Тэр бас 40 гаруй жил уран бүтээлийн хамтрагч байсан Мэриг өөрийн “хамгийн гайхамшигтай найз” гэж онцолжээ.

Шведийн өмнөд хэсгийн Оссё тосгонд төрсөн Мэри Фредрикссон 1980-аад оны үед Гесслтэй танилцсанаар урлагийн замналаа эхэлж байв.

1986 онд тэдний байгуулсан Roxette хамтлаг дэлхий дахинд 80 гаруй сая цомог борлуулжээ.

Дэлхийн зах зээлд амжилт олсон Roxette-ийн анхны дуу нь 1989 онд гарсан “The Look” байв. Тухайн жилдээ US Billboard-ийн нэгдүгээрт энэ дуу бичигдэж, дараа нь “Joyride”, “Listen to Your Heart”, “It Must Have Been Love” зэрэг хитүүд нь гарсан юм.

Сүүлд дурдагдсан дуу нь Ричард Гир, Жулиа Робертс нарын гол дүрд нь тоглосон Холливүүдийн “Pretty Woman” киноны дуу болж байжээ.

Дуучны оршуулгыг зөвхөн нөхөр, хоёр хүүхдийнх нь оролцоотой зохион байгуулахаар болсныг Roxette хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Dimberg Jernberg Management компани мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AFP