Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад өндөр эрэлттэй байгаа тул Япон улс вагю үхрийн махны үйлдвэрлэлээ 2035 онд хоёр дахин нэмэгдүүлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Гадаад зах зээлд өндөр эрэлттэй байгаа тул вагю үхрийн махны гарцаа 2035 онд хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан тухай Япон улсын засгийн газар өнөөдөр зарлажээ.

Тодруулбал 2035 оны санхүүгийн жилд зөөлөн, амттайгаараа алдартай вагю үхрийн махыг жилд 300,000 тонн бэлтгэдэг болох зорилттой байна.

Өнгөрсөн онд энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гарц 149,000 тонн байжээ.

Үхрийн махны гарцаа нэмэгдүүлэхийн тулд фермерүүдийг дэмжиж, мах боловсруулах үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Ингэхдээ Европын Холбоо, АНУ-ын хүнсний аюулгүй байдлын стандартыг хатуу мөрдөх ажээ.

Японы засгийн газар ойрын үед АНУ, Европын Холбоо болон Номхон далайн эргийн орнуудтай худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа. АНУ-тай байгуулсан худалдааны гэрээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Номхон далайн эргийн 10 оронтой хийсэн гэрээ нь өнгөрсөн оны сүүлээс хэрэгжиж эхэлсэн бол Европын Холбоотой байгуулсан гэрээ нь энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.

Гэрээний дагуу вагю үхрийн мах АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлогдож байгаа. 

2018 онд Япон улсын хөдөө аж ахуйн экспорт $8.4 тэрбумд хүрсэн нь бүх цаг үеийн дээд амжилт байжээ. Энэ нь сүүлийн зургаан жил дараалан өссөн үзүүлэлт юм. Тус улсын хамгийн том худалдан авагч нь Хонг Конг бол дараа нь Хятад, АНУ орж байна.

Японы засгийн газар хөдөө аж ахуйн экспортыг дэмжих бодлогын хүрээнд зарим бүтээгдэхүүнийхээ брэнд нэрийг гадаад зах зээлд хамгаалах зорилт тавьжээ.

Тухайлбал тус улсад ургадаг “Амао” гүзээлзгэнийг хөрш Хятад, Өмнөд Солонгост бас тариалдаг байна.

Үүнээс гадна вагю үхрийн генийн санг хамгаалах, хөлдөөсөн үрийг нь хилээр гаргахыг хориглох хуулийг ирэх онд парламентаар батлуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Kyodo News