Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын экс ерөнхий сайд гэргийдээ төрсөн өдрөөр нь $130,000-ын үнэтэй бэлэг өгснөө хүлээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Авлигын хэргээр шалгагдаж байгаа Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак таван жилийн өмнө Хавайд аялж байхдаа $130,000-ын үнэтэй бэлэг гэргийдээ авч өгснийг хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр “Chanel” брэндийн дэлгүүрээс ийм үнэтэй бугуйн цагийг гэргийдээ төрсөн өдрөөр нь авч өгснөө өчигдөр шүүх хурлын үеэр хүлээсэн байна.

Нажиб одоо Малайзын хөгжлийн сан 1MDB-ээс идэж завшсан хөрөнгө мөнгөтэй холбогдон шалгагдаж байгаа юм.

Нажибын гэргий Росмах Мансор нь тансаг брэндийн бараа бүтээгдэхүүнд шунан дурладгаараа алдартай. Өнгөрсөн онд мөрдөн байцаалтын үеэр цагдаа нар тэдний гэрээс үнэтэй брэндийн гар цүнхнүүд, гуталнууд, үнэт эдлэлүүдээр дүүргэсэн хайрцагнууд хураан авч байсан юм. Эдгээрийн нийт үнэлгээ нь $265 саяд хүрч байв.

Нажиб бас Катарын ерөнхий сайд асан Ахмед Жассим Аль Танигийн гэр бүлд $845,000-ын үнэ бүхий Итали брэндийн үнэт эдлэл авч өгч байжээ.

Тэрээр үүнийгээ гадаад орнуудын төрийн тэргүүнүүдтэй сайн харилцаа үүсгэхийн тулд зарцуулсан гэж тайлбарласан юм.

1MDB хөгжлийн сангаас нийтдээ $4.5 тэрбумын хөрөнгө алдагдаад байгаа. Үүнээс $700 сая нь тухайн үед ерөнхий сайд байсан Нажибын хувийн дансанд орсон гэгдэж байна.

Баялгийн сангийн хөрөнгийг үрж шамшигдуулсан хэрэгт нь Нажибт нийт 42 төрлийн ял тулгаад байгаа. Хэрвээ шүүх эдгээр ялыг баталбал экс ерөнхий сайд үлдсэн бүх насаа шоронд өнгөрөөх юм.

 

Эх сурвалж: South China Morning Post