Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Украины ерөнхийлөгч нар гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Парис хотноо Франц, Германы удирдагчдын зуучлалтайгаар анх удаа уулзсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар 2019 онд багтаан дорнод Украинд гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна.

Украины дорнод мужуудад өрнөж буй салан тусгаарлах дайн таван жил хагас орчим хугацаанд үргэлжилж, 13,000 хүний амь үрэгдээд байгаа юм.

Гал зогсоосны дараа олзлогдогсдыг солилцох, Украины цэргийг фронтын гол гурван шугамнаас татахаар болжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуулиар ерөнхийлөгч болсон Зеленский улс орондоо энх амгалан байдал тогтоох гол зорилготой байгаа.

Гэвч Украины сөрөг хүчнийхэн түүнийг энэ зорилгоо биелүүлэхийн тулд Оросын талд хэт их буулт хийж байна гэж шүүмжилцгээж байгаа юм.

Тохиролцооны дагуу Украины цэргийг Станыця, Луганск, Петривске, Золоте хотуудаас гаргахаар болжээ.

NATO болон Өрнөдийн тагнуулын албад Украины зүүн хэсэгт болж буй мөргөлдөөнд Орос улс байлдааны хүнд зэвсэг техникээр тусалж байна гэж буруутгадаг. Харин Оросын тал үүнийг үгүйсгэж, салан тусгаарлагчдад сайн дурынхан тусалж байгаа гэж тайлбарладаг юм.

Өнгөрсөн есдүгээр сард Зеленский ОХУ-ын ерөнхийлөгчтэй анх удаа утсаар ярьсныхаа дараа харилцан олзны хүмүүсээ солилцож байв. Путинтай хэлэлцээ хийхийн тулд Зеленский Украины Донбас муж дахь салан тусгаарласан хэсгүүдийн статусыг баталгаажуулах 2016 оны тохиролцоог хүлээн зөвшөөрсөн юм.

 2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсний дараа Украины дорнод бүсийн Луганск, Донецк мужуудад салан тусгаарлах дайн эхэлж байв. Салан тусгаарлагчид сүүлд өөрийн хяналтын бүс нутагт тусгаар улс байгуулснаа зарласан ч одоогоор дэлхийн аль ч улс хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Эх сурвалж: BBC