Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Oрос улс дөрвөн жилийн хугацаанд спортын уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ирэх дөрвөн жилийн хугацаанд Орос улсын дэлхийн хэмжээний спортын уралдаан тэмцээнд оролцох эрхийг хасах шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Даваа гарагт Швейцарын Лозанна хотод хуралдсан Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Байгууллага (WADA)-ын удирдах зөвлөл Оросын тал тамирчдынхаа сэргээш хэрэглэсэн тухай баримтуудыг устгаж, оронд нь хуурамч баримт бүрдүүлсэн болохыг тогтоосон байна.

Ингэснээр Орос улс ирэх зун, өвлийн Олимпын наадмууд болон 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зэрэг томоохон арга хэмжээнүүдэд оролцох эрхгүй болжээ.

Гэхдээ шаардлага хангасан тамирчид нь эх орныхоо далбаан дор бус, олимпын далбаан дор оролцох юм. Хөлбөмбөгийн ДАШТ-д ийм практик байхгүй тул FIFA хоригийг хэрхэн хэрэгжүүлэх талаар WADA-тай зөвлөлдөхөөр болжээ.

Анх 2014 онд Сочид болсон өвлийн олимпийн наадамд Оросын тамирчид төрийн оролцоотой сэргээш хэрэглэсэн нь батлагдаж байв. Үүний дараа WADA тус улсын тамирчдыг хоёр олимпийн наадамд улс орныхоо далбаан дор өрсөлдөх эрхийг хасаж байсан юм. Хамгийн сүүлд тэд өнгөрсөн оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд олимпийн далбаатай оролцсон.

Оросын тал тамирчдынхаа сэргээшийн шалгалтын бодит үр дүнг WADA-д илгээснээр хориг цуцлагдах байв. Гэтэл Оросын сэргээштэй тэмцэх байгууллагаас ирүүлсэн мэдээлэл засварласан, хуурамч болохыг илрүүлснээр дахин дөрвөн жилийн хориг тавигдаж байна. Бодит үр дүнг агуулсан файлууд Москва дахь лабораторийн компьютеруудаас устгагдсан болохыг WADA-гийн шалгалтын хэсэг тогтоожээ.

Оросын зарим улстөрч WADA-гийн шийдвэрийг өрнөдийнхний Москвагийн эсрэг явуулж буй дайсагнасан бодлогын нэг хэсэг гэж үзэж байна. Тухайлбал, Оросын парламентын доод танхимын дэд спикер Игорь Лебедев WADA-гийн шийдвэрийн хариуд хатуу арга хэмжээ авахыг засгийн газартаа уриалжээ.

 

Эх сурвалж: Reuters