Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын арал дээр галт уул дэлбэрснээс хүний амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр үдээс хойш Шинэ Зеландын Уайт арал дээр оршдог галт уул гэнэт дэлбэрснээс тэнд аялж байсан олон жуулчин сураггүй болжээ.

Дэлбэрэлт болохын өмнөхөн хэсэг жуулчид галт уулын тогоон дотор аялж явсан гэх мэдээлэл ирсэн байна. Цагдаа нар одоогоор нэг хүний амь үрэгдсэнийг баталгаажуулж, 23 хүнийг аварч, арлаас нүүлгэжээ.

Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид өсөх өндөр магадлалтай байна.

Уайт арал буюу нутгийн уугуул Маори хэлээр Вакаари гэгддэг арал дээр Шинэ Зеландын хамгийн өндөр идэвхжилтэй галт уулсын нэг байдаг.

Хувийн эзэмшилд байдаг тус аралд жуулчдыг тээвэрлэсэн хөлөг онгоцнууд тогтмол очдог бөгөөд уулыг агаараас харуулах нисэх онгоцны үйлчилгээ ч байдаг юм.

Цагдаа нар арлын орчимд гадаад дотоодын 100 орчим хүн байсан гэж эхэндээ мэдээлсэн бол сүүлд 50 болгон бууруулжээ.

Арал галт уулын үнс нурмаар хучигдсан тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байгааг цагдаагийн албанаас мэдээлсэн байна.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр галт уулын нөхцөл байдлыг мэдээлдэг GeoNet сайт Уайт арлын галт уулыг ойрын өдрүүдэд хэвийн хэмжээнээс илүү идэвхтэй байхыг анхааруулсан ч энэ нь аялал жуулчлалд аюул учруулахгүй гэж мэдээлж байв.

Шинэ Зеланд улс нь Номхон далайг хөвөөлсөн “Галт цагариг” хэмээх газар хөдлөлт, галт уулын идэвхтэй бүсэд байрладаг.  Тус улсын арлууд дээр “Holocene” хэмээх геологийн эринд бий болсон 28 галт уул байдаг байна.

Өнөөдрийг хүртэл тэдгээрийн нийт 326 дэлбэрэлтийг бүртгэсэн байдаг.

 

Эх сурвалж: BBC