Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямба-Очир: Дарсан зургийг тань ямар ч орны хүн хараад шууд ойлгоход сайн зургийн чанар оршино

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

 Фото мэдээллийн MPA.mn сайтын үүсгэн байгуулагч, гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очиртой ярилцлаа. Тэрбээр Монголын фото сэтгүүлзүйн салбарт түүчээлж яваа чадварлаг нэгэн бөгөөд гэрэл зургийн сурвалжлагчаар 15 дахь жилдээ ажиллаж байгаа юм.


-Таны бодлоор гэрэл зурагчин, фото сэтгүүлч хоёр юугаараа ялгаатай вэ?

-Фото сэтгүүлчид тухайн улс оронд ямар л үйл явдал болно тэр бүхнийг дурандаа буулгаж, мөнхжүүлэх тэргүүн үүрэгтэй хүмүүс. Тэдний бүтээл хожмын түүх болж үлдэх учиртай. Эндээс ямар ялгаа нь харагдах болов уу.

Талбай дээр 10 мянган хүн жагслаа гэж бодъё. Фото сэтгүүлчийн зураг тэнд үнэхээр 10 мянган хүн ирсэн үү гэдгийг нотлох ёстой. Бидний ажил бол гэрэл зурагт тулгуурлан аливааг бодитой, үнэн зөв мэдээлэх.

-Торгон агшныг хальсанд буулгачихаад сэтгэл догдолж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Саяхных гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан өдөр авсан улс төрийн агшин. УИХ-ын гишүүн М.Энхболд, УИХ-ын дарга Г.Занданшатарт Үндсэн хууль баталсанд нь баяр хүргээд тэвэрч байгаа мөчийг авсан. Миний хувьд энэ сайн зураг.  

-Та баримтат, үйл явдлын зургаас гадна өөр чиглэлээр зураг авдаг уу?

-Тухайн нэг сэдэвт хязгаарлагдахыг хүсэхгүй. Зав гарвал бусад төрлөөр ч зураг авах гэж хичээдэг. Мэдээж гоё агшин харагдвал зүгээр өнгөрөхгүй. Гэхдээ зүгээр нэг дараад өнгөрөх биш сайн бүтээл болгон авахыг чухалчилдаг. Мандах нарны зураг авсан ч тэр нь бусдын сэтгэлд нэгийг бодогдуулж, харц салгахгүй удаан ширтэх хүсэл төрүүлж байвал сайхан. 

-Фото сэтгүүлчдийн хувьд зураг авч байхдаа өөрөөсөө илүү камераа хамгаалах ёстой гэсэн зарчимтай гэж сонсож байсан. Таны хувьд? 

-10-аад жилийн өмнө санал нийлэх байлаа. Харин одоо бол үүнтэй санал нийлэхгүй. Сэтгүүлч гэдэг мэргэжил хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Миний хувьд нэгдүгээрт, өөрийн амь нас хамгийн чухал гэдгийг 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас харсан. Чи амьд байж, байж л зургаа дарсаар байна, тийм биз. 

- Хүнд нөхцөлүүдэд хэрхэн, яаж ажилладаг вэ?

-Хүнд гэдэг нь харьцангуй ойлголт л доо. Би 2008 оны долдугаар сарын 1-ний  жагсаалын үеэр ажлаа хийж яваад тархиа хагалуулсан. Тухайн үед “Улаанбаатар” зочид буудал руу орж, толгойгоо марлиар боолгосон юм. Дараа нь зургаа авахаар буцаж гарах гэж байлаа. Тэгсэн буудлын менежер “Чи гарч болохгүй, толгой чинь аймар гэмтсэн байна. Эмнэлэг явсан нь дээр” гэж зөвлөсөн. 

 

Толгойгоо гэмтээснээс хойш бараг зургаан сар эмнэлгээр явсны эцэст ажилдаа эргэж орсон. Тэгэхэд л ерөнхийдөө бидний мэргэжил ямар хүнд, аюултай вэ гэдгийг ойлгосон. Одоо бол тэр зэргийн ямар нэгэн үйл явдал боллоо гэхэд би өөрөө болон манай ажилтнууд наад зах нь толгойгоо хамгаалах дуулгатай явах шаардлагтай юм байна гэдгийг мэдэрсэн.

 
2008 оны долдугаар сарын 1-н.

- Зураг дарахад сэдэв санаа олох нь чухал байх. Та хэрхэн сэдвээ сонгож, санаа олдог вэ? 

- Өмнө нь сонинд ажиллахад сэтгүүлч нь төлөвлөгөөнийхөө дагуу юу нийтлэхээ хэлдэг. Тэр нийтлэлд нь тохирох зургийг өөрийн сангаас, эсвэл гадуур явж авдаг байсан. Одоо нийгмийн хандлага, цаг үеийн байдлаас хамааран ирээдүйд ямар зураг хэрэг болохоос  шалтгаалан авч байна. Угаас жилдээ нэг тойрсон үйл явдлын тойрог байдаг. Гэхдээ амьдралд юу ч тохионо. Гэнэт янз янзын асуудал болно. Харин сэдвийн хүрээнд зураг дарахдаа судалгаанд тулгуурлавал зүгээр.

- “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцаач. Сонины өглөө шуурхай хурлаар эхэлж, сайн муугаа хэлэлцдэг. Та хэр их магтуулж, зэмлүүлдэг байв?

- Жинхэнэ гал тогоонд нь орж ажиллахад сониноос олон юм сурна. Би Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар багшийн гарын шавь. Анх зураг авахдаа багшийгаа дагаж яваад л сурсан. Хурлын үеэр эхэндээ загнуулдаг байсан ч яваандаа больсон. Нэг өдөр, өвлийн өдийд намайг гараад цасны зураг аваад ир гэсэн юм. Би ч гарч Урт цагааны цасны зургийг дарлаа. Тэгсэн  цас цэвэрлэж байгаа хүмүүс нь “Алив нэг зураг дарчих” гэхгүй юу. Ингээд сайхан зогсоож байгаад л зургийг нь авчихлаа.

Ажил руугаа ороод ирсэн чинь манай эрхлэгч Л.Болормаа цонхоороо харчихсан байж. Тэгээд “Чи ёстой тийм зураг аваад байхдаа яадаг юм” гэв ээ.  Би “Ямар зураг?” гэсэн чинь “Монтажны зураг шиг бүгдийг нь зогсоогоод авлаа” гээд загнуулж байлаа. Тэрнээс хойш ер нь зургийг ингэж авахгүй гэдгийг ойлгосон. Мундаг хүмүүсийн шаардлага, хандлага нь шал өөр. Өглөө хурлын үеэр өнөөдөр болох үйл явдал хэлэхгүй тохиолдолд торгуулдаг ч юм уу. Ц.Балдорж эрхлэгч манай гэрэл зурагчдыг мэдээ мэдээлэл, нийтлэл бич гэдэг байсан. Манайхан ч нэг хэсэг бичих гэж үзсэн дээ. 

Миний хувьд тэр хүмүүсээс сурсан, үлгэрлэн дуурайсан зүйл нь ажилдаа хариуцлагатай хандахыг хичээдэг зан чанар юм уу даа. Харин магтаалын хувьд нэг их магтаж янз бүр болдоггүй. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Монголд айлчилсан юм. Тэр үйл явдлын зураг сонины маань нэгдүгээр нүүрэнд гарсан л даа. Тухайн үйл явдлыг ганцхан манай сонин л нэгдүгээр нүүрэндээ тавьсан. Маргааш нь Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч нь манай эрхлэгч рүү залгаад “Танай нэгдүгээр нүүрний зураг их гоё гарчээ, баярлалаа” гэж ярьсан шиг байгаа юм. Ингээд өглөөний хурлын үеэр эрхлэгч  “За энийг их гоё зураг байна гэж хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч хэлсэн шүү” гэж хэлж байсан.  

- Ер нь шуурхайн үеэр зураг, бичвэрээ магтуулж үзэхийг шинэхэн сэтгүүлчид их хүсдэг байх. Таньд ийм хүсэл хэр их байв?

- Өглөөний шуурхайгаар сэтгүүлчийн өмнөх өдөр хийсэн ажлын сайн, муу бүх талыг нь ярьдаг. Тэндээс л сурч чадвал цааш явна. Шүүмжлэлийг өөртөө зөв хүлээж, тусгаж аваад алдсан бол алдаагаа давтахгүйн төлөө чин сэтгэлээсээ зүтгээд явбал хөгжинө. Жинхэнэ суръя, мэдье гэсэн хүн хэрэгтэйгээ аваад, шантралгүй чимээгүй л ажилладаг.  

- Олон нийтэд хүрсэн таны ямар зураг байдаг вэ? 

-Тэрийг одоо хүмүүс л мэдэх байхдаа. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн ширээн дээр гишгээд үдээсээ үдэж байгаа зураг байна. Мөн 29 дүгээр сургуулийн сурагчид эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Энэ үеэр өөрийнхөө амыг дараад өөр нэг хүний амыг дарсан зураг байдаг юм. Энэ мэт нийтэд хүрсэн зургууд бий. 

 
Гэрэл зургийг MPA.mn. 2013 он.

2019 оны арваннэгдүгээр сарын 15-н. УИХ Үндсэн хуулиа баталсны дараа.

 
Гэрэл зургийг mpa.mn

- Хэвлэлийн зурагт тайлбар чухал уу? 

- Олон улсын мэдээний агентлагууд зургаа тун дэлгэрэнгүй тайлбарладаг. Жишээ нь, Путиний Монгол дахь айлчлал. Зургийн тайлбарт нь “Баруун талд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, зүүн талд нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр хүндэт харуулын өмнүүр алхаж байна” гэж оруулдаг.

Харин манайхан тайлбарыг нэг их бичдэггүй. Гэхдээ гадаад хэл мэдэхгүй ч дарсан зургийг тань ямар ч орны хүн хараад шууд ойлгоход сайн зургийн чанар оршино. Зураг гэдэг тийм их мэдээлэл, агуулга илэрхийлдэг. 

- Гэрэл зурагт зохиогчийн эрхийн асуудал их хөндөгддөг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ? 

-Дан ганц гэрэл зураг ч биш. Монголд зохиогчийн эрхийн асуудал их зөрчигддөг. “Өнөөдөр” сонины мундаг хүмүүстэй ажиллахад сонинд маань гарсан зураг өөр ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад гарах ёсгүй гэдэг зарчмыг баримталдаг. Зөвхөн манай сонинд гарах ёстой гэсэн оюуны өмчийг их дээдэлдэг газар. Энэ үүднээс ч тэр үү, өөрийн авсан зураг, дүрсэндээ харам. Миний дарсан зургийг зөвшөөрөлгүйгээр аль нэг хэвлэл мэдээллийн байгууллага авбал надад бүдүүлэг, сурсан зүйлээс минь эсрэг санагддаг юм. Тэр ч утгаараа энэ тал дээр эмзэглэж явдаг. Бас эрс тэмцдэг.

 
AFP Бээжин дэх салбар. 2013 он

Манайд гэрэл зургийн ямар нэгэн агентлаг байдаггүй. Улмаар нөгөөдүүл чинь гүүглээс зургаа хайж аваад л тавьчихдаг. Зурагчид маань өөрсдөө ч оюуны өмч гээд нэг их явдаггүй байсан. Ингээд гэрэл зургийн гэрээтэй байгууллага байвал оюуны өмчийн асуудал хэдэн хувиар ч гэсэн багасна гэж бодсон. Иймээс хэвлэл мэдээллийн салбарт MPA.mn веб сайтыг ашиглалтад оруулаад ажиллаж байна. Одоо манай хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрсдийн гэсэн контент чухал болж буй.

Өөрсдийн контенттой болохын тулд Google-ийн бэлэн зүйлийг дахин хуулбарлах нь хэр зохимжтой вэ гэдэг үүднээс ханддаг болсон. Энэ зөвхөн гарын арван хуруунд багтах топ сайтууд гэж хэлж болно. Бусад нь зохиогчийн эрхийг янз бүрээр зөрчих асуудал бий. Өнөөдөр яг миний зургийг аваагүй ч, өөр хэн нэгний зургийг зөвшөөрөлгүй авдаг гэх мэт.