Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Тунгалаг: Зарим эмнэлгийн албан тушаалтнууд тендерийн үнэлгээнд нөлөөлж байгаа нь иргэдийн эрх ашгийг хөндөж байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Ази-фарма” ХХК-иас эрүүл мэндийн салбарт хууль бус үйл ажиллагаа газар авч улсын эмнэлгүүдэд тендер зарлахад эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компаниуд шалгарч, чанар муутай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн оруулж ирж буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ оны нэгдүгээр сард “2019 оны өндөр өртөгт мэс засалд хэрэглэгдэх имплант, протез, хэрэгсэл худалдан авах тендер”-ийг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-өөс зарласан билээ. 

Уг тендер нь улсын төсвийн санхүүжилтийн эх үүсвэртэйгээр 15,806,452,200 төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтаар “Агьфарма” компани шалгарчээ. 

Өндөр үнэ тавьсан тендерт чанаргүй бүтээгдэхүүн татсан хэн нэгний компани ялаад байж болохгүй

 
Гэрэл зургийг MPA.mn

“Ази-Фарма” ХХК-ийн Хуулийн зөвлөх С.Наранцэцэг “Ази-Фарма” ХХК нь АТГ-т дөрөвдүгээр сарын 19-ний өдөр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгуулах тухай албан тоот өгсөн. Удалгүй Авилгатай тэмцэх газраас ГССҮТ-ийн удирдлагуудтай холбоотой гаргасан гомдолд хэрэг бүртгэл нээхээс татгалзсан талаар намйдугаар сард бидэнд мэдэгдсэн. 

Тендерт ялсан “Агьфарма” компанийн үүсгэн байгуулагч нь тухайн үедээ ГССҮТ-ийн захирал хийж байсан Т.Мөнхсайхан юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаан дээр нэр нь хүртэл байна. Үүгээр зогсохгүй итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийнх нь нэг хүн нь Т.Мөнхсайхан захирлын овогтой адилхан Т.Сайнжаргал гэж хүн байгаа юм.   

Ингэж өндөр үнэ тавьсан тендерт чанаргүй бүтээгдэхүүн татсан хэн нэгний компани ялаад байж болохгүй. Чанаргүй гэдэг нь АНУ-ын сайтууд дээр явж байгаа Хүнс эмийн холбооны хяналтын газраас тааруу үнэлгээ авсан бүтээгдэхүүнүүд юм” гэв.

Монгол Улсад өвдөг солих, түнх солих зэрэг нарийн түвшний протезүүдийг үйлдвэрлэдэггүй

 
Гэрэл зургийг MPA.mn

Тендер шударга бус болсон гэх асуудлаар “Ази-Фарма” ХХК-ийн дэд захирал Ц.Тунгалаг “ГССҮТ-өөс манай компанид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ашиг үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4 заалтыг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдэл өгсөн. Бид уг тендер шалгаруулалтыг хянуулах гомдлыг Сангийн яаманд гаргасан. Сангийн яам ч уг гомдлыг үндэслэлтэй байна гэж хуульд заасны дагуу захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг даалгасан.

Өндөрт өртэгтэй эмнэлгийн хэрэгслийг худалдаж авах нь даатгуулагчийн болон ЭМД-ын сангийн хувьд чухал асуудал. ЭМД-ын газар нь даатгуулагчийн болон ЭМД-ын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах ёстой. 

Гэвч хуульд зааснаар ЭМДҮЗ-өөс их хэмжээний санхүүжилт гарч байгаа байгууллагыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерт оролцуулах ёстой бөгөөд оролцуулаагүй. Мөн тендерийг өндөр үнээр санал болгосон нь ЭМДҮЗ-ийн 17 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтыг зөрчин ЭМД-ын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарын үнийг хэтрүүлсэн, ялсан компанийн бүтээгдэхүүн нь чанар муутай гэх мэт гэх мэт шалтгаанаар тус тендерийн сонгон шалгаруулалт хууль бус явагдсан гэж үзэж байгаа юм. Хэн нэгний компанийн үйл ажиллагааг дэмжиж бусад компаниуд дээр шударга бус үнэлгээ хийсэн.

“Ази-фарма” ХХК, ХБНГУ-ын хиймэл үе, дагалдах багаж хэрэгслийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Валдемар Линк компаниас өвдөг, түнхний хиймэл үе солих мэс засал, имплант-хиймэл үенүүд, дагалдах багаж хэрэгслийг оруулж ирж, ЭМД-ын сан болон халамжийн сангаар дамжуулан иргэддээ хүргэх зорилготой ажилладаг ба энэ бүтээгдэхүүнээрээ тендерт оролцсон. 

Гэтэл зарим нэг эмнэлгийн байгууллагууд ялангуяа гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн албан тушаалтнууд нь хувийн эрх ашгаа өндөрт тавьж, тендерийн үнэлгээнд нөлөөлж, орох ёстой хүмүүсийг оруулахгүй байгаа явдал нь алсдаа эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэдийн эрх ашгийг хөндөж байна. Монгол Улсад өвдөг солих, түнх солих зэрэг нарийн түвшний протезүүдийг үйлдвэрлэдэггүй" гэлээ.