Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Финландын шинэ ерөнхий сайд дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Финланд улсын зам тээврийн сайд Санна Марин тус улсын эрх баригч Социал демократ намын даргаар томилогдож, ерөнхий сайд болох замаа нээлээ. Түүний нам эрх баригч эвслийн дотрох хамгийн том улс төрийн хүчин юм.

34 настай Марин удахгүй ерөнхий сайдын суудалд албан ёсоор сууснаар дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болох гэнэ.

Финланд улс бас түүхэндээ гурав дахь эмэгтэй ерөнхий сайдаа томилох гэж байна.

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт өмнөх ерөнхий сайд Антти Ринне одоо тус улсад үргэлжилж буй ажил хаялтыг зохицуулж чадаагүйн улмаас огцорсон юм.

Эрх баригч эвсэлд багтдаг бусад дөрвөн нам бүгд эмэгтэй даргатай ажээ. Тэдний хамгийн ахмад нь 55 настай бол бусад хоёр нь 32, нэг нь 34 настай юм.

Одоогоор дэлхий даяар 40 хүрээгүй төр, засгийн тэргүүнүүд хэд хэд байгаагийн дотор 39 настай Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн, 35 настай Украины ерөнхий сайд Олексий Хончарук, 35 настай Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар багтаж байна.

Санна Марин 27 насандаа Финландын аж үйлдвэрийн хот Тамперын захирагч болж, улс төрд анх хөл тавьсан юм. Парламент түүнийг тун удахгүй ерөнхий сайдаар батлах төлөвтэй байна. Учир нь Финланд улс энэ оныг дуустал Европын Холбоог даргалж байгаа бөгөөд энэ сарын 12-нд Брюссельд болох тус холбооны гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганд Марин оролцох ёстой юм.

 

Эх сурвалж: The Guardian