Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Од хооронд зорчигч сүүлт од өчигдөр наранд хамгийн их ойртжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний ажигласан од хоорондын хоёр дахь биет болох сүүлт од Ням гарагт наранд хамгийн их ойртсон байна.

Ингэснээр тэр нарны аймгаас буцаж гарах аялалаа эхэлж байгаа юм. Уг сүүлт одыг анх наймдугаар сард Крымийн одон орон сонирхогч Геннадий Борисов нээсэн тул шинжлэх ухаанд 2I/Borisov гэж нэрлэжээ.

Хүн төрөлхтөн анхны од хооронд зорчигч биетээ 2017 онд нээж, Оумуамуа гэж нэрлэж байв. Навчин тамхи хэлбэртэй, өндөр хурдтай уг биетийг хүмүүс харь гарагийн хөлөг байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж байв.

Харин Борисов сүүлт одны хувьд Оумуамуагаас эрс ялгаатай, манай нарны аймагт оршдог ихэнх биетүүдтэй ижил хэлбэртэй юм.

Одоо уг сүүлт од судлаачдын ажиглалтаас гарах хүртлээ дахин хэдэн долоо хоног аялна гэж тооцож байгаа. Борисов сүүлт од арванхоёрдугаар сарын 28-ны өдөр манай дэлхийд хамгийн их ойртож, 290 сая километр орчим зайнд ирнэ.

Энэ үед сүүлт одны талаар аль болох их мэдээлэл цуглуулахаар эрдэмтэд бэлдэж байгаа юм. 

 

Эх сурвалж: CNET