Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Украины ерөнхийлөгч нар өнөөдөр анх удаа уулзана

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай анх удаа уулзах гэж байна.

Ерөнхийлөгч нар өнөөдөр тэднийг зуучилж буй Франц, Германы удирдагч нартай хамт Парис хотын Элисейн ордонд уулзах юм. Зеленский өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөсөн бөгөөд дорнод Украинд өрнөж буй салан тусгаарлах дайныг зогсоож, энх тайван байдал тогтоох нь түүний сонгуулийн гол амлалтуудын нэг.

2014 оноос хойш өрнөж буй уг дайнд 13,000 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн сая хүн орон гэрээсээ дүрвээд байгаа.

Орос, Украины удирдагчид хамгийн сүүлд 2016 онд уулзаж байжээ. Жүжигчин байгаад улс төрч болсон Зеленскийн хувьд ийм том яриа хэлэлцээ хийхэд туршлага дутаж магадгүй. Нөгөө талаас өрнөдийн зарим удирдагчид Орос улсад тал засах болсон цаг үед энэ уулзалт болж байна.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай харилцаагаа сайжруулах эрмэлзлэлтэй нь харагддаг бол Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон саяхнаас Орос улсыг NATO-гийн гол дайсан биш хэмээн ярих болоод байна.

Өнгөрсөн долоо хоногт Зеленский гүйлтийн зам дээр дасгал хийж байхдаа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн юм. Уг видео бичлэгт тэрээр “Путин, Зеленскийн хооронд ярих юм юу байгаа юм бэ гэж хүмүүс ярьдаг. Гэвч яриа хэлэлцээ хийхгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Уулзаж ярилцахгүй бол яг л гүйлтийн зам дээр эрч хүчээ шавхаад ганц алхам урагшлахгүй байгаатай адил” гэж мэдэгджээ.

Өчигдөр буюу Ням гарагт тус улсын нийслэл Киев хотод хэдэн мянган иргэн жагсаж, Парисын уулзалтын үеэр буулт хийлгүй, эх орныхоо эрх ашгийг хамгаалахыг ерөнхийлөгчөөсөө шаардсан байна. Шинэ ерөнхийлөгчийнхөө улс төрийн туршлагад эргэлзсэн украинчууд түүнийг Путинд “дөнгүүлж” магадгүй гэсэн айдастай байгаа юм.

Улс төрийн шинжээчид ч энэ уулзалтаас ихийг хүлээхгүй байгаа бөгөөд хамгийн сайн үр дүнд хүрлээ гэхэд талуудын дайсагнал өмнөхөөсөө арай намжина гэж төсөөлж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian