Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт шүүх рүү явах замдаа халдлагад өртсөн хүчингийн хэргийн хохирогч нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Энэтхэгийн Уттар Прадеш мужид болох байсан хүчингийн хэргийн шүүх хуралд оролцохоор 23 настай хохирогч бүсгүй ирж яваад халдлагад өртсөн юм.

Хэсэг этгээд хохирогчийн бие дээр керосин асгаж гал тавьсан байна.

Тэдний дотор уг хүчингийн хэргийн сэжигтэн эрэгтэй байжээ.

Биеийнх нь 95 хувь түлэгдсэн эмэгтэй Баасан гарагт шархаа даалгүй нас барсан тухай Шинэ Дели хотын Сафдаржунг эмнэлгийн ерөнхий эмч өчигдөр мэдээлсэн байна.

2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэсэг этгээдүүдэд буу тулгуулж, хүчиндүүлсэн хоёр эмэгтэй энэ оны гуравдугаар сард шүүхэд гомдол гаргаж байжээ.

Уг хэрэгт холбогдон баривчлагдаад байсан сэжигтэн өнгөрсөн долоо хоногт батлан даалтаар суллагдсан юм байна. 

Уттар Прадеш нь Энэтхэгийн хамгийн их хүн амтай муж бөгөөд зөвхөн 2017 онд тус мужид 4,200 хүчингийн хэрэг бүртгэгдэж улсдаа тэргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт тус улсын өмнөд бүсийн Хайдарабад хотод 27 настай бүсгүйг мөн хэсэг этгээд бүлэглэн хүчиндэж, амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шатааж хаясан хэрэг гарсан юм.

Энэ хэргийн дараа Энэтхэг даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, охид бүсгүйчүүдийн аюулгүй байдлыг хангахыг эрх баригчдаас шаардах болсон юм.

Уг хэргийн сэжигтэн дөрвөн эрэгтэйг Баасан гарагийн өглөө цагдаа нар хэрэг болсон газарт хүргэж, болсон үйл явдлыг тайлбарлуулсан байна.

Гэтэл сэжигтнүүд цагдаагийн зэвсгийг булааж, зугтахыг оролдсон тул бүгдийг нь буудан хөнөөжээ. Цагдаа нарын үйлдлийг Энэтхэгийн иргэдийн зарим хэсэг талархан хүлээж авсан бол зарим нь цагдаа нарын дунд хуулиас гадуур хүний амь хөнөөх явдал нэмэгдэхээс болгоомжилж байгаагаа илэрхийлцгээж байна.

 

Эх сурвалж: Reuters