Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн зэвсгээ хураалгах талаар АНУ-тай дахин ярилцахгүй болсноо Умард Солонгос зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

НҮБ-д суух Умард Солонгосын элч төлөөлөгч өчигдөр тус улсын АНУ-тай хийж буй цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ дууссаныг мэдэгджээ.

Уг яриа хэлэлцээ нь үнэндээ АНУ-ын дотоод улс төрийн амьдралд нийцүүлсэн “цаг хожих арга заль” болохыг НҮБ дэх Пёньяны суурин төлөөлөгч Ким Сон хэлсэн байна.

“Одоо бидэнд АНУ-тай урт удаан яриа хэлэлцээ хийх шаардлага байхгүй. Цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг дахин сөхөхгүй боллоо” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.

Ким Жон Ун одоо үргэлжилж буй яриа хэлэлцээг гацаанаас гаргах шинэ саналыг энэ оныг дуусахаас өмнө гаргаж тавихыг Вашингтонд уриалаад байсан юм. АНУ-ын талаас Умард Солонгосын бүх цөмийн зэвсгийг хурааж авах хүртлээ тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хоригоос ганцыг ч цуцлахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Харин Пёньяны тал харилцан ээлж дараатай буулт хийх санал тавиад байгаа юм.

Уг асуудлаар Дональд Трамп, Ким Жон Ун нар 2018 оны зургаадугаар сараас хойш гурван удаа уулзсан ч үр дүнд хүрээгүй байна.

2017 онд хоёр удирдагч хэвлэлээр бие биенийхээ эсрэг доромжилсон утгатай үгс шидэлцдэг байсан цаг үе саяхнаас эргэн ирсэн юм.

Өнгөрсөн Мягмар гарагт Трамп пуужин турших дуртай Ким Жон Уныг “rocket man” хэмээн өхөөрдсөн бол маргааш нь Умард Солонгосын засгийн газар удирдагчийг нь дахин ийм үгээр доромжилбол Трампыг “хөгшин зөнөг” гэж хочилдог байснаа сэргээнэ гэж сүрдүүлсэн байна.

Баасан гарагт Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй хагас цаг орчим хугацаанд утсаар ярихдаа Умард Солонгостой хэрхэн харилцах талаар зөвлөлджээ.

Хоёр удирдагч нөхцөл байдал хурцадсаныг хүлээн зөвшөөрч, цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлцгээсэн тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордноос мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters