Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын офицер АНУ-ын сургалтын төвд зэвсэгт халдлага үйлджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн өглөө АНУ-ын Флорида дахь цэргийн баазын сургалтын төвд зэвсэгт халдлага гарснаас дөрвөн хүн алагдаж, найман хүн шархджээ.

Халдлага үйлдэгч нь тус төвд сургалтанд суухаар ирсэн Саудын Арабын агаарын хүчний офицер байсан байна. Ямар шалтгаанаар халдлага үйлдсэнийг бүрэн тогтоогоогүй байгааг орон нутгийн цагдаагийн албанаас мэдээлжээ.

Хэргийн газарт ирсэн цагдаа нартай буудалцах үеэрээ сэжигтэн буудуулж, амиа алдсан байна. Энэ үеэр цагдаагийн хоёр офицер хөнгөн шархдсан байна.

Болсон хэрэг явдлын дараа Саудын Арабын хаан Салман утсаар ярьж эмгэнэл илэрхийлсэн тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлжээ.

“Гэмт этгээдийн балмад үйлдлийг Саудын олон нийт жигшин зэвүүцэж байгааг, энэ хүний хийсэн хэрэг Америк хүмүүст хандах Саудын ард иргэдийн хандлагыг илэрхийлээгүй болохыг эзэн хаан надад мэдэгдлээ” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.

Саудын Арабын эрх баригчид энэ хэргийг өөрийн талаас мөрдөн шалгаж, олсон мэдээллээ АНУ-ын талтай хуваалцахаар болжээ.

Сэжигтэн сургалтын төвийн хичээлийн байранд халдлага үйлдэхдээ гар буу ашигласан байна.

Тэрээр АНУ-ын зүгээс холбоотнуудынхаа зэвсэгт хүчний ур чадварыг сайжруулахад зориулан тогтмол зохион байгуулдаг сургалтын хөтөлбөрт хамрагдаж байжээ.

Сургалтанд хамрагдах офицерыг АНУ болон Саудын Арабын талаас өндөр шалгуураар сонгодог байна. Хамгийн наад захын шалгуур нь англи хэлийг сайн эзэмшсэн байх ёстой гэнэ.

АНУ-ын цэргийн баазуудад үе үе зэвсэгт халдлага гардаг. 2009 онд Техасын Форд Хүүд баазад ийм халдлага гарахад 13 хүн алагдаж байсан бол 2013 онд Вашингтоны Нэйви Ярдад 12 хүн алагдаж байжээ.

Энэ долоо хоногт цэргийн баазад хоёр халдлага дараалан гарлаа. Өнгөрсөн Лхагва гарагт Хавай дахь цэргийн баазад нэг усан цэрэг гурван энгийн иргэнийг буудсанаас хоёр нь амь үрэгдсэн юм. Усан цэрэг дараа нь өөрийгөө буудан хөнөөжээ.

Өчигдөр халдлага гарсан Пенсакола бааз нь Алабамагийн хилийн ойролцоо Флоридагийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тэнгисийн цэргийн томоохон сургалтын төвийг агуулж байдаг. Уг баазад 16,000 цэргийн алба хаагч, 7,400 энгийн иргэн ажилладаг байна.

 

Эх сурвалж: Reuters