Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн оргодол “амьд бурхан” Эквадорын ойролцоо өөрийн улсыг байгуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хууль цагдаагийнхнаас зугтаж яваа Энэтхэгийн “амьд бурхан” Өмнөд Америкийн Эквадор улсын эргээс холгүй арал дээр өөрийн тусгаар улсыг байгуулж байгаагаа зарлажээ.

Энэтхэгт маш олон шүтэгчтэй Нитхянанда олон тооны гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэн Гужарат мужийн цагдаад эрэн сурвалжлагдаж байгаа юм.

Түүний үйлдсэн гэгдэж байгаа гэмт хэргүүдийн дотор өөрийн шавь эмэгтэйг хүчиндсэн, хүүхдүүдийг хулгайлж, гуйлга гуйлгуулсан зэрэг хэрэг багтаж байна.

Хэсэг хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан Нитхянанда өнгөрсөн Лхагва гарагт дэлхийн хамгийн ариун, хүчирхэг хинду шашинт улс болох “Кайлаасын Бүгд Найрамдах Улс” гэгчийг байгуулснаа зарлажээ.

Түүнийг шүтдэг чинээлэг хүмүүс Эквадорын эргийн ойролцоох хувийн арлыг худалдаж авч өгсөн гэлцэж байна.

Энэ улсын иргэн болохын тулд хинду шашныг шүтдэг байхад л болох ба тодорхой хэмжээний хандив өгсний дараа Нитхянандагийн гараас иргэний паспортоо авах ажээ.

Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Нитхянандагийн гол сүм байрладаг Ахмедабад хотын нэр хүндтэй гурван эрхэм тус арал улсын иргэн болж, нүүхээр шийдээд байгаа гэнэ.

Нитхянанда нь хинду шашны шинэ урсгал бий болгож, Энэтхэг даяар арав гаруй сүм байгуулжээ. Түүний үзүүлдэг ид шид хүмүүсийг даган бишрэхэд хүргэдэг гэсэн яриа бий.

Тухайлбал тэр нар мандахыг 40 минутаар саатуулсан, хана нэвт харсан, хараагүй 82 хүүхдийн гуравдагч нүдийг нээж эмчилсэн, үхрийг Санскрит, Тамил хэлээр яриулж сургасан зэрэг дуулиан хүмүүсийн дунд яригддаг ажээ.

2010 онд Нидхянандагийн жүжигчин бүсгүйтэй энгэр зөрүүлж буйг харуулсан дүрс бичлэг нийтэд тарж байжээ.

Саяхнаас түүний Кайлаас улсын танилцуулга вэбсайт бий болсон байна. Түүнд өгүүлснээр Кайлаас нь өөрийн засгийн газар, яамдтай байхаас гадна өөрийн туг далбаа, үндсэн хуультай байх гэнэ. Мөн өөрийн банктай болж, криптовалютаар гүйлгээ хийдэг болох яриа гарсан байна.

Өнгөрсөн сард Гужарат мужийн цагдаа Нитхянандагийн Ахмедабад дахь сүмд ажиллагаа явуулж, хоёр менежэрийг нь баривчилжээ.

Үүнээс өмнө тус сүмд хэд хэдэн хүүхэд хоригдож байсныг цагдаа нар сулласан юм. Нитхянанда нэг эмэгтэй шавиа таван жилийн турш хүчиндэж байсан хэрэгт шалгагдаж байх үедээ оргожээ.

Өнгөрсөн онд энэ хэргийн шүүх хурал болсон ч “амьд бурхан” оролцолгүй зугтсан байна. 2014 онд түүний сүмд дагагчдынх нь нэг сэжигтэй байдлаар амиа алджээ. Сүмийн удирдлага түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж мэдүүлж байсан бол гэр бүлийнхэн нь өөр шалтгаантай гэж үзэн шүүхдэж байв.

 

Эх сурвалж: The Guardian