Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Сэтгүүлчдийн онц их хурал хуралдуудах Түр хороо байгуулагдлаа

Б.Ану
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮОНТВ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатар өнгөрсөн есдүгээр сард сэтгүүлчдийн үнэлэмж буурсан, сэтгүүлчдэд итгэх уншигч, үзэгч, сонсогчдийн итгэл алдарсан, салбарын нэр хүнд бүхэлдээ унасан энэ үед сэтгүүлчдийн толгой байгууллага ажлаа зохих ёсоор хийхгүй байгаад бухимдлаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

Тэрбээр МСНЭ-ийн үйл ажиллагааг шүүмжилж Ерөнхийлөгч Х.Мандахбаярыг ажлаа өгөхийг шаардан, Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулах санаачилга гаргаж Түр зөвлөл байгуулах талаар мэдээлж байсан.

Энэхүү санаачилгад 500 орчим сэтгүүлч, 10 гаруй томоохон редакци нэгдээд байгааг мэдэгдэж байсан бол өнөөдөр сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулахыг дэмжигчид, Эрүүл сэтгүүл зүйн төлөөх хөдөлгөөнийхөн болон салбарын бодлого тодорхойлогч томоохон мэргэжлийн холбоод, сэтгүүлчид нэгдэн Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулах Түр хороог салбар бүрийн оролцоог ханган 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Түр хорооны анхдугаар хуралдаанаар Сэтгүүл зүйн суурь зарчим алдагдсан, салбарын нэр хүнд бүхэлдээ унасан, шантаажны сэтгүүл зүй цэцэглэж, МСНЭ хэт улстөржих болсон энэ цаг үед Монголын сэтгүүлчдийн Онц их хурал хуралдуулж, салбарын асуудлаа нээлттэй ил тод ярилцах нь зүйтэй гэж үзэж онц их хурал хуралдуулах бүхий л бэлтгэж ажлыг ханган ажиллахаар болсон байна.

Сэтгүүлчдийн онц их хурал нь хэн нэгэн хүний албан тушаал эрх мэдлийн төлөөх тэмцэл биш салбарын оршин байхуйн тухай асуудал юм гэдэг дээр Түр хорооны гишүүд байр суурь нэгджээ.

Түр хорооны дараагийн хуралдаанаар Онц их хурлын товыг зарлах юм байна.