Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сауди Арамко $25.6 тэрбумыг хөрөнгийн зах зээлээс босгож, дээд амжилт тогтоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын төрийн өмчит газрын тосны Сауди Арамко компани өчигдөр хөрөнгийн зах зээлд анх удаа хувьцаагаа борлуулсны үр дүнд $25.6 тэрбумыг олсон нь дэлхийн түүхэн дээд амжилт боллоо.

Өмнөх дээд амжилтыг 2014 онд Нью Йоркийн хөрөнгийн биржээс $25 тэрбумыг босгосон Хятадын Алибаба эзэмшиж байжээ.

Тус компанийн IPO хийх саналыг өрнөдийнхөн хангалттай сонирхоогүй тул дотоодын болон бүс нутгийн хөрөнгө оруулагчдад зориулж, Саудын Арабын нийслэл Рияд хот дахь Тадавул хөрөнгийн бирж дээр 1.5 хувиа зарсан юм. Бүс нутгийн тогтворгүй байдал, геополитикийн эрсдэл өрнөдийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг буурахад нөлөөлсөн гэдэг.

Эндээс олсон мөнгийг Саудын Арабын эдийн засгийг олон төрөлтэй болгож, газрын тосноос хамаарлаа багасгах төслүүдэд зарцуулна.

Хэдийгээр Сауди Арамкогийн зах зээлийн нийт үнэлгээг $2 их наядад хүргэх угсаа залгамжлагч ханхүү Мохаммед Бин Салманы зорилго биелээгүй ($1.7 их наяд болсон) ч дэлхийн түүхэнд хамгийн том IPO болж чадлаа.

Өчигдөр Сауди Арамкогийн нэгж хувьцааны үнэ 32 риал ($8.53) хүрч, захиалгын хэмжээ маш өндөр байжээ. Цаашдаа энэ ханш өсөх, буурах эсэх нь удахгүй харагдах юм.

Сауди Арамко нь улс орондоо монополь эрхтэй, дэлхийн хамгийн том газрын тос олборлогч компани. Тус компани өнгөрсөн онд $355 тэрбумын орлого, $111 тэрбумын ашиг олж, дэлхийн хамгийн өндөр ашигтай ажилласан компаниар шалгарч байв.

 

Эх сурвалж: BBC