Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнх-Эрдэнэ: Хүмүүс ханш өснө гэх хүлээлтээс үүдэн доллар авч байгаа нь өндөр эрсдэлтэй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
 

Долларын ханшийн өсөлтийн талаар Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. 

- Сүүлийн үед долларын ханш өснө гэх итгэл үнэмшлээр доллар авч байгаа хүмүүс гарч ирж байна. Ингэж авах ямар эрсдлийг дагуулах вэ? 

- Саарал жагсаалтад орох үеэр олон нийтэд бүрэн бус, тэгш бус, албан бус мэдээлэл маш их тарсан. Үүнээс үүдэн хүмүүс нэг тийм “хар нүх”-рүү Монгол Улс унаж байгаа мэт ойлголт авсан нь ханшийг огцом савахад хүргэлээ. Яг үнэндээ ямар ч ам.доллар авах хэрэгцээгүй, зөвхөн ханшийн өсөлтөөс ашиг хүртэх спекуляци эрэлт урсгал, бодит эрэлтээсээ хэд дахин их болчихсон. Иймээс банкууд гадаад төлбөр тооцоо хийх, аливаа гэрээний үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ам.доллар худалдан авах зайлшгүй, хойшлуулшгүй эрэлтийг юун түрүүнд хангаж ажилласан. Спекуляци эрэлтийг аль болох бага хангахын тулд банкууд өдрийн арилжааны дээд хязгаарыг тогтоосон. Ам.долларын бодит хэрэгцээтэй хүмүүст худалдахын тулд авдаг арга хэмжээ.

Нөхцөл байдал хүндрэхэд Монголбанк богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч интервенцээр дамжуулан ханшийг огцом өсөлтийг намжааж чадсан. Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. Одоо ханш тэр үе шиг савлаагүй, хурдацтай өсөөгүй байгаа ч Монголбанк интервэнцээ хийсээр байгаа нь долларын ханш богино хугацаанд огцом савах эрсдэлийг улам бууруулж байна.

Ер нь хүмүүс долларын ханш өснө гэх хүлээлтээс үүдэн бодит хэрэгцээгүй атлаа доллар авч байгаа нь өндөр эрсдэлтэй алхам юм.

 - Яагаад өндөр эрсдэлтэй алхам гэж. Илүү тодруулж өгөөч. Харин төгрөг суларч буй үед ашигтай биш үү?

- Тухайн хүнд хоёр сонголт байна. Мөнгөө төгрөгөөр хадгалбал жилдээ 13-14 хувийн хүү авна. Харин доллараар хадгалбал жилийн 5-6 хувийн хүүтэй. Зөрүү нь 8 орчим хувийн хүү. Тодруулбал, долларын ханш жилийн дараа найман хувиас илүү чангарч байж доллар авсны ашиг тус нь гарна гэсэн үг.

Гэтэл энэ оны эхэнд Монголбанкны долларын албан ханш 2,644 байсан. Одоо 2,720 төгрөг гэхээр 2.9 хувиар чангарсан байна. Эндээс долларын хадгаламж хийсэн хүн төгрөгийн хадгаламж хийсэн хүнээс 5 орчим хувийн бага хүү авсан байна. Үүнийг оновчтой сонголт гэх үү. 

Мэргэжлийн шинжээчид бол ашиг ба эрсдэл нь хамгийн багадаа 3x1 харьцаатай шийдвэр гаргадаг. Энэ нь та тухайн шийдвэрийг гаргаад алдвал нэгийг алдана олбол гурвыг олно. Та тухайн шийдвэрийг гурван удаа дараалж гаргахад хоёр нь алдаад, нэгт нь хожлоо гэхэд эцсийн дүндээ +1-ийн ашигтай гарах юм. Тэгвэл төгрөгөө ам.доллар болгож хадгалах энэ шийдвэр ямар ашиг эрсдлийн харьцаатай байна вэ. 

- Тэгвэл цаашид долларын ханш дунд урт хугацаандаа хэрхэх бол?

- Сүүлийн 14 жилийн хугацаанд жил бүр 6-8орчим хувиар төгрөгийн эсрэг чангарч байсан. Харин энэ жилийн хувьд 3 хувиар суларна гэдэг нь төгрөг маш тогтвортой байгаагийн илрэл. Ингэж тогтвортой байгаа нь 2 үндсэн шалтгаантай.

  1. Экспортын гол түүхий эдийн үнүүд энэ жил өндөр, хэмжээнүүд нь тогтвортой байж чадсан
  2. Монголбанк ханшийн хэт хэлбэлзэл үүсэх үед хариу арга хэмжээг хурдан авсан.

Ирэх жилийн хувьд түүхий эдийн зах зээлийн үнэ огцом буурах магадлал бага, эрэлт ч боломжийн байхаар харагдаж байна. Тиймээс суурь талаасаа долларын нийлүүлэлт буурна гэж харахгүй байна. Монголбанкны удирдлагын асуудал ч шийдэгдчихлээ. Гол нь тодорхой эрсдлүүд биднийг хүлээж байгаа. Ийм цаг үед маш сайн мэдээлэл судалгаатай байж  шийдвэр гаргах хэрэгтэй. Ер нь тэгээд Монголчууд бид цуу үг яриа, ам дамжсан ярианд үндэслэн шийдвэр гаргадаг энэ байдлаа зогсоох хэрэгтэй. Учир нь та хэдий чинээ тийм байна бусад хүмүүс таниар хүссэн шийдвэрээ төдий чинээ амархан гаргуулна гэсэн үг шүү. Энэ нь эргээд таныг л өндөр эрсдэлд оруулж буй хэрэг гэдгийг үргэлж бодох хэрэгтэй.

- Валютын нөөцийн одоо буй хэмжээг хангалттай хэмжээнд байгаа гэж эдийн засагч хүний хувьд үзэж байгаа юу?

- Саяхан Монголбанк сар тутмын ээлжит уулзалтаа “Гадаад валютын нөөц” сэдвээр зохион байгуулсан. Тэндээс миний хийсэн дүгнэлт бол богино хугацааны эрэлтийг хангах нөөц хангалттай байгаа ч дунд, урт хугацаагаар тооцож харвал өөр дүр зурагтай байна. Нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай, бодлого, төлөвлөлттэйгээр хийх хэрэгтэй нь харагдаж байгаа. Уул нь бидний энэ гадаад өр гэж яриад байгаа зүйл дааж давшгүй их өр огт биш. Ердөө л 30 тэрбум ам.доллар.

Бид чинь одоогийн үнээр бодоход газар доороо 3-3.5 их наяд ам.долларын баялагтай улс. Үнэ нь өсөхөд энэ баялгийн үнэлгээ дагаад өснө.Тэгэхээр зөв менежмент л хэрэгтэй байна. Баялгаа зөв төрийн бодлоготойгоор ашиглаж, олсон орлогоо ухаалаг зарцуулаад эхэлбэл 30 тэрбум ам.доллар гэдэг асуудал биш. Гагцхүү байгалийн баялгаа хөрөнгийн зах зээлээр дамжуулан ашиглаж Монгол хүн бүрт баялгаасаа тэгш хүртэх боломжийг нээхээс гадна мөнгөний урсгалыг ил тод болгох нэн чухал байна. Энэ нь баялаг тэгш хуваарилагдахаас гадна том ордуудыг ашиглахад үүсдэг авлига, хээл хахуулийн асуудлыг ч давхар шийдэх юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.