Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын тэргүүн баячуудын нэгний гэргий салах өргөдөл гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын эхнээсээ гуравт ордог том бизнесийн бүлэглэл болох SK Group-ийн хоёрдугаар үеийн удирдагч Чэй Тэ Воны гэргий Ро Со Ён гэр бүл салах өргөдлөө өчигдөр шүүхэд гаргаж өгсөн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Ро Со Ён нь нөхрийнхөө эзэмшдэг хувьцаанаас 1.4 их наяд вонтой ($1.19 тэрбум) тэнцэх хэсгийг шилжүүлж авах хүсэлт гаргасан байна. SK Group нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэгч SK Hynix, улсдаа хамгийн том газрын тос боловсруулагч, цахилгаан автомашины батарей үйлдвэрлэгч SK Innovation зэрэг компаниудыг өөртөө багтаадаг юм.

Чэй нь уг группын хамгийн том хувь эзэмшигч буюу 18.4 хувийг эзэмшдэг.

Хэрвээ тэр гэргийнхээ хүсэлтийг зөвшөөрч, хүссэн хөрөнгийг нь шилжүүлж өгсөн ч компанийнхаа хамгийн том хувь эзэмшигч хэвээр үлдэх юм.

Хосууд 1988 онд Өмнөд Солонгосыг доргиосон хурим хийж байжээ. Учир нь Чэй хөрөнгөтөн эцгийнхээ гол өв залгамжлагчид тооцогдож байсан бол Ро нь тухайн үеийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Дэ Угийн охин байсан юм.

Гэвч 2015 онд Чэй орон нутгийн сонинд гурван хуудас захидал нийтлүүлж, гэр бүлээс гадуур харилцаатайгаа хүлээн зөвшөөрч байв.

Үүнээс хоёр жилийн дараа Чэй гэр бүлээ салгахаар шүүхээр зуучлуулсан ч гэргийтэйгээ тохиролцоонд хүрч чадаагүй байна. Өнгөрсөн онд Чэй дахин хүсэлт гаргаж, шүүх ажиллагаа эхэлсэн юм. Харин өчигдөр Ро нөхрийнхөө гаргасан нэхэмжлэлд хариу өгсөн юм байна.

“Энэ удаа нөхөр маань надаас салж, өөрийн хүссэн аз жаргалыг олох цаг нь болсон гэж би бодож байна” гэж Ро Со Ён өчигдөр фэйсбүүк хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Reuters