Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Содномцэрэн: Туршилтаар хар машинд саналын хуудас хийж үзсэн. Нийтдээ дөрвөн хуудас болсон

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  “УИХ-ын 76 мандатын 50 нь УИХ-аас тогтоосон тойргоос, 26 нь улс нэг тойргоос сонгогдохоор боловсруулсан” хэмээн  онцолсон.

Мөн уг хуулийн төсөлд шүүхээс ял шийтгүүлсэн хүн ялаа эдэлж дууссан бол УИХ-ын гишүүнд нэр дэвших эрх нь нээлттэй байх зохицуулалтыг тусгажээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ удаагийн сонгуулиар жагсаалтад орсон 26 нэр дэвшигчийн саналыг нийлүүл намд нь өгсөн санал гэж үзэн хувилж тооцох юм байна гэж ойлгосон. Энэ хэзээ, хэрэгжсэн систем бэ. Өмнөх туршлага байна уу. 

Хар машин чинь жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг тоолж чадах уу. 

Нэг сонгогч жагсаалтын нэр дэвшигчээс зөвхөн нэгийг сонгоно гэж байгаа. Үүний оронд 26 хүртэл хүнийг дугуйлж болдоггүй юм уу. 

Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан: Энэ бол ялсан нам өөртөө зохицуулж боловсрулсан сонгуулийн тогтолцоо биш. Энэ бол хөгжлийн бодлогод тааруулж хийж байгаа тогтолцоо. 

Мажоритар тогтолцоо нь дотроо таван хэлбэртэй. Улс нэг торйог, бүс нэг тойрог, аймаг нэг торйог,  жижиг 76 тойрог, хамгийн сүүлийнх нь бидний өргөн барьсан хувилбар. Хэлэлцүүлгийн явцад дээрх таван хувилбараас сонгож болно. 

Онолын хувьд сонгогч 26 хүний нэрийг дугуйлж болно. Гэхдээ ойлгомжтой байлгах үүднээс том тойрогт өрсөлдөж байгаа хүмүүсээс нэгийг л дугуйлна. Хүнд өгсөн нийт саналыг хувь тэнцүүлэн намд суудал өгнө. 

Дэлхий нийтэд намын хаалттай жагсаалтаар 37 улс сонгуулиа явуулж байгаа бол 38 нь намын нээлттэй жагсаалтаар буюу бидний өргөн барьсан хувиилбараар сонгуулиа явуулдаг. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Бид туршилтын саналын хуудас хийж үзсэн. Ингэхэд хар машин саналын хуудсыг тоолох боломжтой гэж үзсэн. Жижиг тойрог болон улс тойрог гэдэг хувилбараар сонгууль явуулахад  саналын хуудасны тоо нэмэгдэнэ.  Туршилтын саналын хуудасны тоо дөрөв болсон. Жагсаалтын 26 нь гурван хуудас, тойрогт нэр дэвшигчид нь  нэг хуудас болсон. 

Гэхдээ зардал нэмэгдэнэ. Учир нь төсөвт нэг саналын хуудсаар тооцсон. Үүн дээр дахин гурван саналын хуудас нэмэгдэх болно. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хэдхэн хоногийн өмнө бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог яг энэ хувилбараар явуулах санал оруулж ирснийг дэмжээгүй. Гэтэл Үндсэн хуульд оруулахаас татгалзсан хувилбарыг Сонгуулийн хуульд оруулж ирж байна.  Энэ хэвээр нь сонгуулийн хуулийг батлах нь Үндсэн хууль зөрчсөн явдал болохгүй юу.

Хоёрдугаарт, бие даагч жагсаалтын 26-тай улсын хэмжээнд өрсөлдье гээд ороод гэвэл яах вэ. Бие даагчийн асуудлыг яаж зохицуулж байгаа вэ.

Түүнчлэн сонгуулийн хандивын асуудалд дорвитой өөрчлөлт ороогүй гэж харсан.  Үүнийг тодорхой болгохгүй бол бидэнд өмнөх гашуун туршлага бий. Юу гэхээр, сонгуулийн хөрөнгө босгох гэж схем зурж байгаад хоёр нөхрөө хилс хэргээр шоронд хийчихээд байна. Бид хуулиа боловсронгуй болгохгүй бол намынхаа төлөө зүтгэж явсан хүмүүс хилсээр хэлмэгддэг явдал байсаар байна. 

Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан: Бие даагч том тойрогт өрсөлдөх боломж байхгүй. Энэ тогтолцоогоор зөвхөн улс төрийн намууд нэр дэвшүүлнэ. Харин жижиг 50 тойрогт бие даагч нэр дэвших нь нээлттэй. Сонгуулийн хандивын асуудалтай холбогдуулан зардлын дээд босго тавьж байгаа. 

Ийнхүү УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууснаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.