Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Балбад болдог дэлхийн хамгийн том цуст тахилгын үеэр энэ жил урьдынхаас цөөн тооны амьтан нядалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоёр өдөр Энэтхэгтэй залгаа Балбын хилийн ойролцоо тосгонд Хинду шашинтнуудын томоохон тахилга болж өнгөрлөө.

Таван жил тутамд Гадхимай бурханд зориулсан сүмийн гадна болдог энэ үйл явдлыг дэлхийн хамгийн том мал амьтны нядалгаа гэж үздэг.

Балбын 30 сая орчим хүн амын 80 хувь нь Хинду шашинтнууд бөгөөд тэдний багагүй хэсэг нь чадлынхаа хэрээр ямар нэг амьтнаар бурханд тахил өргөж, амьдралаа даатгадаг. Үүнээс гадна хөрш Энэтхэгээс олон мянган сүсэгтэн ирдэг байна.

Тахилгын эхний өдөр Мягмар гарагт сэлэм, урт хутгаар зэвсэглэсэн мөргөлчид нийт 3,000 гаруй үхрийн толгойг тас цавчсан тухай амьтны эрхийг хамгаалагчид мэдээлжээ.

Лхагва гарагт ямаа, тахиа зэрэг бусад амьтдыг ийм аргаар нядалж, тахил өргөсөн байна.

Энэ жил нийтдээ хэдэн арван мянгаар хэмжигдэх тооны амьтдын амийг хөнөөсөн гэж тооцоолоод байна. 2015 онд болсон өмнөх тахилгаар хархнаас эхлээд үхэр хүртэл том, жижиг нийлсэн 200,000 орчим амьтнаар тахил өргөж байжээ.

Амьтан хамгаалагчдын тэмцлийн үр дүнд энэ жил цөөн амьтан золиосолсон гэж үзэж байгаа гэнэ.

2016 онд Балбын дээд шүүх энэхүү цуст зан үйлийг хориглох эрхийг засгийн газартаа өгсөн ч хоригийг хэрэгжүүлж чадахгүй байгаа юм.

Энэ жил Балбын засгийн газар Энэтхэгийн хилийн ойролцоо газарт мөргөлчид, амьтан хамгаалагчдын хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлж, 1,100 цагдааг дайчилжээ.

Нядалгааны дараа амьтдын тасдсан толгойг цуглуулж том нүхэнд булдаг бол арьсыг нь зардаг байна. Орон нутгийн зарим иргэд тахилгын амьтдын махыг хүнсэндээ хэрэглэдэг гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: AFP