Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Японы компани дэлхийд анхны шүршдэг нүүрний маск бүтээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японы арьс арчилгааны Као компани дэлхийд анхны шүршдэг нүүрний маск бүтээснээ өчигдөр зарлажээ.

Энэ нь хүний үсний ширхэгийн 100-ны нэгтэй тэнцэх нимгэн давхаргыг нүүрний арьсанд үүсгэж, чийгшүүлэх үйлчилгээтэй юм байна.

Нүүрэнд шүршсэн бодис нь түргэн хугацаанд тунгалаг давхарга үүсгэж, арьсыг чийгшүүлэхээс гадна арьсыг амьсгалах боломжоор хангадаг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь арьсны “хүлэмж” болдог гэж Као компани онцолжээ.

Хоёрдогч арьстайгаа хүн унтаж амарч, эсвэл ердөө нэг минутын дараа хуулж авах боломжтой гэнэ.

“Ийм технологи ашиглаж бүтээсэн дэлхийн анхны арьс арчилгааны бүтээгдэхүүн юм” гэж Као компанийн судлаач Масаюки Учияама хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Шинэ технологио гарт багтах жижиг бүтээгдэхүүн болгохын тулд 10 жил орчим хугацаанд ажилласнаа тэр ярьсан байна.

Анхандаа ийм бүтээгдэхүүн гаргана гэж төсөөлөөгүй судлаачид нимгэн шилэн мяндасны дор хүний арьс олон цагаар амьсгалж чаддагийг мэдсэн нь гол нээлт болсон гэнэ.

Гэхдээ шинэ технологийн нүүрний маскын шүршигч нэг бүр 50,000 иений ($460) үнэтэй гарч байгаа нь нэлээд өндөрт тооцогдож байна.

Хэрвээ уг технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлбэл 100 тэрбум иений орлоготой салбар болно гэдэгт Као компанийн удирдлага итгэлтэй байгаа гэнэ.

Тухайлбал сорви далдлагч, нүдэнд үл харагдах эмчилгээний наалт зэргийг бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа Учияама мэдэгджээ.

Өмнө нь полимер зэрэг өөр бодис дээр суурилсан ижил төстэй бүтээгдэхүүнүүд гарч байсан ч Каогийн технологи уян хатан мөртлөө бат бөх чанартай шилэн мяндас ашигласнаараа онцлог гэнэ.

 

Эх сурвалж: AFP