Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Өвлийн идэш” махны худалдаа "Сансар", “Саруул” худалдааны төв, “Скай” их дэлгүүрт гарч эхэллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Судалгааны дүнгээр өнгөрөгч есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 сая малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ.

Тиймээс төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулж эхэллээ.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд гарна.

Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд  Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм. Махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаална.

Хэдийгээр салбарын яамны зүгээс зах зээлийн үнийн тухайд оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7,500, хонины мах 6,000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гарч байна.

Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүний өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрөгч аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болох “Гулууз” арга хэмжээг зохион байгуулж байсан юм.