Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Берлинд гарсан аллагатай холбогдуулан Оросын хоёр дипломатчийг Герман улсаас хөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн наймдугаар сард Чечений зэвсэгт бүлэглэлийн командлагч асан 40 настай Зелимхан Хангошвили Берлин хотын цэцэрлэгт хүрээлэнд буудуулж амь үрэгдсэн юм.

Алуурчныг баривчилсан хэдий ч энэ талаар Германы цагдаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа. Германы хэвлэлүүд Оросын талаас захиалгат аллага явуулсан байж болзошгүй талаар бичиж байв.

Тэгвэл өчигдөр Германы засгийн газар тус улсад оршин суудаг Оросын хоёр дипломатчийг хөөн гаргах шийдвэрээ зарлажээ. Учир нь Берлинд гарсан аллагын цаана Оросын, эсвэл Чечений эрх баригчид байгаа гэж сэжиглэж байгаа гэнэ.

Германы талаас хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэхгүй байгаад нь ОХУ-ыг буруутгажээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам захиалгат аллагатай холбогдуулан дипломат ажилтнуудыг хөөсөн явдлыг эсэргүүцэж, сэжгийг “ямар ч үндэслэлгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Германы холбооны прокуророос өчигдөр гаргасан мэдэгдэлд “Аллагыг ОХУ-ын, эсвэл ОХУ-ын Чечений БНУ-ын төрийн байгууллагын захиалгаар гүйцэтгэсэн байж болзошгүй хангалттай баримт олдсон” гэжээ.

Алуурчин аллага болохоос зургаан өдрийн өмнө Москвагаас Парисын Шарль Де Голийн нэрэмжит олон улсын нисэх буудалд “Вадим С” гэх нэрээр ирсэн байна. 

Германы поркурорууд түүнийг 49 настай Вадим Соколов гэгч болохыг тогтоосон ч энэ нь хуурамч нэр гэж дүгнэжээ. Дараа нь Вадим Польшийн нийслэл Варшавт очиж, наймдугаар сарын 22-ныг хүртэл байсныг тогтоосон байна.

Зелимхан Хангошвили наймдугаар сарын 23-ны өдөр алагдсан юм. Гүржийн иргэн Хангошвили 2001-2005 онд болсон Чечений хоёрдугаар дайнд Оросын эсрэг дайтаж явсан байна. Түүнийг Чечений удирдагч асан Аслан Масхадовын шадар хүн байсан гэдэг.

 
Баруун гараас Аслан Масхадов, Зелимхан Хангошвили нар

2015 онд Хангошвили Гүржийн нийслэл Тбилиси хотод амийг нь хөнөөх зорилготой халдлагад өртсөнийхөө дараа Герман руу дүрвэсэн юм. Тэрээр Герман улсаас улс төрийн орогнол хүссэн ч бүтээгүй байжээ.

Германы засгийн газaр дипломат ажилтнуудыг нь хөөх шийдвэр гаргасны дараа ОХУ-ын тал адилхан хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

Лондон хотод NATO-гийн чуулганд оролцож байгаа Германы канцлерь Ангела Меркель “Оросын тал уг хэргийг мөрдөн шалгах ажилд туслалцаа үзүүлэхгүй байгаа тул бид ийм шийдвэр гаргасан” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC