Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Пабло Эскобарын дүү нугардаг дэлгэцтэй гар утас бүтээснээ зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Колумбын алдарт хар тамхины мафийн босс агсан Пабло Эскобарын дүү Роберто Эскобар гэр бүлийн бизнесээ шинэ салбарт өргөтгөж, нугардаг дэлгэцтэй ухаалаг гар утас зах зээлд гаргах гэж байгаагаа зарлажээ.

“Escobar Fold 1” нэртэй энэ бүтээгдэхүүний үнэ $350 байх гэнэ. Эскобарын гэр бүл дэлхий дахинд кокайны бизнесээрээ алдаршсан хэдий ч технологийн салбартай ямар нэг хэлхээ холбоо байхгүй.

Тиймээс хүмүүс энэ мэдээлэлд нэлээд эргэлзэнгүй хандаж байна. Зарим нь үүнийг зүгээр л Эскобарынхны имижийг өөрчлөх гэсэн маркетингийн үйл ажиллагаа гэж үзэж байгаа юм.

Бас Хятадын аль нэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнд брэнд нэрээ ашиглах эрх худалдаж авсан байх гэж зарим нь үзэж байна.

Эскобарын гар утасны нэг видео рекламыг Москва хотод Оросын моделиудыг оролцуулан бүтээжээ. Тухайлбал үүнд 2017 оны Miss Playboy Russia шагналт Кристина Якимова оролцсон байна.

Гэхдээ уг видео сурталчилгаан дээр модель бүсгүйчүүд гар утсыг ашиглаж байгааг огт үзүүлэхгүй байгаа нь сэжигтэй байгаа юм.

Роберто Эскобар сүүлийн үед “санааг нь хулгайлсан” үндэслэлээр АНУ-ын Apple компани болон Илон Маскын “Boring Company”-ийг шүүхдээд байгаа тухай мэдээлэл Колумбид цацагджээ.

Digital Trends сайтад өгсөн ярилцлагадаа тэр “Би Apple-ийг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Самсунг болон бусад компаниудын хэдэн мянган доллараар зардаг гар утсыг би ердөө $349-өөр зарах болно” гэж ярьсан байна.

Эх сурвалж: Russia Today