Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд 35 жил ажилласан япон эмч амь үрэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Афганчуудын эрүүл мэндийн төлөө сүүлийн 35 жилийн амьдралаа зориулсан Япон улсын иргэн эмч өчигдөр Афганистаны зүүн бүс нутагт халдлагад өртөж, амиа алджээ.

73 настай Тэцү Накамура тус улс дахь Peace Japan Medical Services тусламжийн байгууллагыг тэргүүлдэг байсан юм. Түүний сууж явсан автомашин өчигдөр Нангархар мужийн Жалалабад хотод зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртжээ. Энэ үеэр Накамуратай хамт явсан таван афган хүн бас алагдсан байна.

Афганистаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас гаргасан эмгэнэлд Накамураг “Афганистаны дотны анд нөхөр байсан” гэж дурсжээ.

Японы ерөнхий сайд Абэ Шинзо “Түүнийг алагдсан тухай мэдээг аваад ихэд цочирдлоо” гэж хэлээд Накамурагийн афган хүмүүсийн төлөө байгуулсан гавьяанд талархаж явдгаа илэрхийлсэн байна.

Накамура нь 1984 онд анх Пакистанд очиж, Афганий дүрвэгчдийн уяман өвчнийг эмчилж эхэлснээсээ хойш Афганистанд тасралтгүй амьдарч, ажиллах болжээ.

2003 онд тэр Азийн Нобель гэгддэг Филиппиний Рамон Магсайсай шагналыг хүртэж байв. Байнга пуштун үндэсний хувцас өмсөж явдаг байсан Накамура 2001 онд АНУ-ын цэрэг Афганистанд дайн эхлүүлсэн явдлыг хүчтэй эсэргүүцдэг байв. Тэрээр Талибаны дэглэмийг Афганчууд өөрсдөө унагаж чадна гэж үздэг байжээ.

Өчигдрийн аллагын дараа Талибан хөдөлгөөнийхөн уг халдлагыг үйлдээгүйгээ зарлаж, Накамурагийн байгууллагатай сайн харилцаатай байснаа мэдэгдсэн байна.

Халдлага гарсан Нангархар муж нь нэг үе Исламын улс террорист бүлэглэлийн Афган дахь салбарын гол төв болж байжээ. Өнөөдөр энд тус байгууллагын жижиг бүлэглэлүүд үлдсэн байдаг. Афганистанд ажилладаг олон улсын тусламжийн байгууллагууд зэвсэгт халдлагад өртөх явдал үе үе гардаг.

Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт ажилладаг АНУ-ын иргэн Анил Раж автомашинтай явж байхдаа Кабулд бөмбөгдүүлж амиа алдсан юм.

 

Эх сурвалж: Reuters