Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Канадын ерөнхий сайдыг “хоёр нүүртэн” гэж зэмлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Франц, Британи, Нидерландын төрийн тэргүүнүүдтэй ярилцаж байхдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын талаар таагүй зүйл ярьсан нь телевизийн камерт бичигдсэн юм.

Энэ үйл явдал Мягмар гарагийн орой Букингэмийн ордонд NATO-гийн гишүүн орнуудын удирдагчдад зориулсан хүлээн авалтын үеэр болсон байна.

Тухайн өдрийн өглөө тэд уулзах ёстой байсан ч хэвлэлийн хурал нь хэт сунжирснаас Трамп 40 минут хоцорсныг Трюдо ийнхүү ярьжээ. Дараа нь тэр АНУ-ын албаныхан ерөнхийлөгчөө хүлээж эвгүй байдалд ороод байсныг шоолсон өнгө аясаар хэлсэн байна.

Тэгвэл Лхагва гарагт Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа энэ бичлэгийн талаар асуултад хариулжээ.

Сэтгүүлч түүнээс “Таны тухай ярьж байгаа ерөнхий сайд Жастин Трюдогийн бичлэгийг үзсэн үү?” гэж асуухад Трамп “Тэр бол хоёр нүүртэн. Би түүнийг сайн залуу гэж боддог. Гэвч намайг хамтын батлан хамгаалах зардалд 2 хувиа төлөхийг шаардсанд тэр сэтгэл дундуур байгаа бололтой. Тэр 2 хувиа төлөх ёстой. Канад улс мөнгөтэй” гэж хариулсан байна.

Дональд Трамп NATO-гийн бусад гишүүн орнуудыг үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувийг хамтын батлан хамгаалах зардалд төлөх амлалтаа биелүүлэхийг эртнээс шаардаж байгаа юм.

Тэрээр үүнээс болж АНУ-ын засгийн газар NATO-гийн ихэнх зардлыг төлж байгааг шүүмжилдэг.

Улмаар Трюдогийн бичлэг задарсны дараа Трамп NATO-гийн чуулганыг бүрэн дуусгалгүй Британиас явсан байна. Харин өчигдөр Канадын ерөнхий сайд Жастин Трюдо сэтгүүлчидтэй уулзахдаа Трампын талаар таагүй зүйл ярьснаа хүлээн зөвшөөрчээ. “Тэр төлөвлөгдөөгүй хэвлэлийн хурал хийснээс бидний уулзалт нэлээд хугацаагаар хойшилсон. Уулзалт амжилттай болсон ч энэ хойшлолт миний ажилд мэдэгдэхүйц нөлөөлсөн нь тодорхой” гэж Трюдо тайлбарлаад өөрийнх нь ярианы бичлэг Америк-Канадын харилцаанд нөлөөлөхгүй гэж бодож байгаагаа илэрхийлсэн юм.

 

Эх сурвалж: CNN